dobu.mndobu

ТББХ: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-10

ТББХ: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.06.10/-ийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Нэр дэвшигчтэй хийх сонсголыг 2026.06.24-ний өдөр хийж, хуралдаан даргалагчаар УИХ-ын гишүүн,Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгов. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын тайланг хэлэлцэв. Нэр дэвшигч Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнзориг нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэх эсэх асуудлаар нууцаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. 

УИХ-ын 2026 хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ойн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Харин Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэж, мөн дэмжив. Хуулийн төсөлд Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Эрчим хүчний дэд хороог байгуулж, тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, эрх зүйн орчныг сайжруулж ажиллана гэдгийг хууль санаачлагч онцолсон.

Харин Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатган явуулах УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын саналыг гишүүдийн олонх дэмжив. 

Хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. 
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн нэгтгэсэн төслийг боловсруулж дуусаагүй байгаа тул маргааш /2026.09.11/ 09:00 цаг хүртэлх хугацаанд байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.