0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын хуралд оролцов. Хуралд Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл нар мөн оролцлоо.
Хурлын эхэнд Ховд аймгийн Булган, Үенч сумдад халдварласан малын гоц халдварт САТ-1 шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал, хариу арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл танилцууллаа.
Хамгийн сүүлийн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд шүлхийн САТ1 хэвшил нэмж бүртгэгдсэн байна. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссоо тус сумтай хил залгаа сумдад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд нийт 10 голомтод 96 өрхийн 838 мал өвчилжээ. Үүнээс хоёр суманд нсийт 597 толгой малыг устгалд оруулсан, Булган сумын 248 малыг тодорхой шалтгааны улмаас устгалд оруулаагүй байна. Мөн өртөж болзошгүй бүсэд Булган сумын 163 өрхийн 21412 толгой мал, Үенч сумын 14 өрхийн 1692 толгой мал, нийт 165 өрхийн 23311 толгой мал байгаа аж. Үзлэг тандалтад 564 өрхийн 259248 толгой малыг хамруулсан байна.
Мал эмнэлгийн газар, тасаг, үржлийн нэгжүүдээс Булган суманд 10, Үенч суманд 8 мэргэжлийн баг ажиллаж байна. Аймгийн ОБГ, хилийн цэргийн 0130-р анги, зэвсэгт хүчний 305-р анги зэрэг байгууллагуудаас Булган суманд 178 албан хаагч, 36 авто машин, Үенч суманд 81 албан хаагч, 12 авто машин ажиллаж байна.
Мөн 17 суманд 39 суурин пост, 12 хөдөлгөөнд эргүүл ажиллаж байгаа аж. Эдгээр суманд халдвар хамгааллын хувцасны иж бүрдэл 1000 ширхэг, халдваргүйтгэлийн бодис хайкоп 100кг , ханкон 500 кг нийт 600 кг, устгалд хлорын шохой 3 тонн бодис олгожээ.
Хариу арга хэмжээний хувьд аймгийн шуурхай штабт төрийн байгууллагын 20 албан хаагч ээлжээр жижүүрлэж байна. Мал эмнэлгийн газраас 4 албан хаагч байнга ажиллаж нийт 22 зөвшөөрөл, 20 дуудлага, 4 саналыг шийдвэрлэж ажиллажээ.
Булган, Үенч сумын халдвараас хамгаалж Алтайн нуруунд хамгаалалтын бүсийг 6 сумын 14 цэгт хээрийн штаб байгуулжээ. Эдгээр штабт цагдаа, онцгой байдал болон төрийн албан хаагч нийт 568 албан хаагч ажиллаж байна. Мөн 17 сумын 197 машин техникийн дайчлан ажиллуулж байгаа талаар мэдээлэв. Голомтын бүсийн 2 суманд 7 малын эмч, 123-р ангийн тусгай зориулалтын машин 2, Баянхонгор аймгаас 3 дук машин, дайчилгааны 15 хүнийг ажлуулж хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Зэргэлдээ Увс, Завхан аймгуудтай хамтран Мянгадын гүүр, Чоно харайхын гүүр, Завхан голын гүүрүүдэд хяналтын пост ажилуулж эхэлжээ.
Хяналтын постуудын 10 цэгээр нэвтрүүлэх авто тээврийн хяналтын системийг нэвтрүүлсэн байна. Аймгийн төвийн иргэдийг хүнсний хомсдолд оруулахгүйгээр мах сүүний нийлүүлэлтийг 6 сумаас нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан хүдрийн тээврийг тодорхойгүй хугацаагаар 06-р сарын 09-ний өдрөөс зогсоожээ.
Ховд аймгийн хэмжээнд хурдан морины уралдаан болон бүх нийтийн арга хэмжээ хурал, зөвлөгөөн, тэмцээн, баяр наадмын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Аймгийн Засаг даргын 2026 оны 06-р сарын 03-ны өдрийн А/423 захирамжаар хорио цээрийн дэглэм, 6-р сарын 8-ны өдрийн А/427 захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
БНХАУ-ЫН ВАКЦИН ИРЭХ 7 ХОНОГТ, ОХУ-ЫН ВАКЦИН 7-Р САРЫН 10-НЫ ДОТОР МОНГОЛ УЛСАД ИРНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тавьж буй саналуудыг сонссоны дараа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.
Тухайлбал, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөгийг шийдвэрлэж, устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Тэрбээр Улсын онцгой комиссоос САТ1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэх ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдаж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг сайн зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийллээ.
САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр байгуулан SAT-1 хэвшлийн эсрэг 1.0 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон.
САТ1 хэвшлийн вакцин нийлүүлэх талаар ОХУ-тай өнөөдөр (2026.06.12) гэрээ байгуулж байгаа, мөн өнөөдөр ХХААХҮЯ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан БНХАУ-ян Ланьжоугийн вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт вакцины эхний татан авалтыг хийхээр боллоо. Өөрөөр хэлбэл ирэх лхагва гарагт вакцины эхний нэг сая тун Монгол Улсын хилээр орж ирнэ.
Сайд орон нутагт малын гоц халдварт өвчинтэй тэмцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байгаа, эс үйлдэл гаргасан зэрэг хариуцлагагүй үйлдлүүд гарсан, мөн малын гоц халдварт өвчний талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу малын ерөнхий эмч албан ёсны мэдээлэл хийх хуультай атал улстөрчид болон өөрсдийгөө малын эмч, эрдэмтэн гэж нэрлэсэн хүмүүс олон нийтийг төөрөгдүүлэх, буруу ойлголт өгөх мэдээлэл тарааж байгаад шүүмжлэлтэй хандав.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.