0

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2026.06.12/-ийн үдээс хойших хуралдааны эхэнд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Мөн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Улсын нисэхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжин үйлдвэрлэлийн сүлжээ болон өртгийн сүлжээний ялгаа зэргийг сайжруулах тодорхой зохицуулалтыг тусгасан Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороодод шилжүүлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа асуудлаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай гаргасан саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж ХХНБХ-нд шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авч байгаа 500 мянга гаруй ахмадад шимтгэл төлсөн хугацаанаас нь шалтгаалсан 100-300 мянган төгрөгийн нэмэгдэл олгох, 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгийн цалингаасаа тэтгэвэр тооцуулсан 140 мянган иргэдийг хамруулж, асуудлыг итгэлцүүрээр шийдэх зорилгоор 2.4 сая төгрөгийн цалингаас тэтгэврийг тооцож, зөрүүг арилгах, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох зорилгын хүрээнд тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд дөрвөн хувийн нэмэгдэл тооцохоор тусгажээ.
Монгол Улсын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж, УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн чуулганы нэгдэн хуралдаан өндөрлөв.
Хуваалцах:
ЧУУЛГАН: Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болно
9 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.