dobu.mndobu

Италийн Сардини аралд 10–65 насныханд нарны шүхэр ашиглахыг хориглосон журам хэрэгжиж, амрагчдын дунд маргаан дэгдлээ

Италийн Сардини аралд 10–65 насныханд нарны шүхэр ашиглахыг хориглосон журам хэрэгжиж, амрагчдын дунд маргаан дэгдлээ

Италийн Сардини арал дахь Вилласимиус хотын Пунта Молентис далайн эрэгт амрагчдын шүхэр ашиглахтай холбоотой шинэ журам хэрэгжиж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна.

Орон нутгийн захиргаа байгаль орчныг хамгаалах, хэт ачааллыг бууруулах зорилгоор далайн эрэгт нэвтрэхийн тулд 10 еврогийн төлбөр авч эхэлжээ. Мөн шүхэр ашиглахыг насны хатуу хязгаарлалттай болгож, зөвхөн 10-аас доош насны хүүхэдтэй гэр бүл болон 65-аас дээш насныханд нэг шүхэр ашиглахыг зөвшөөрсөн байна.

Энэхүү шийдвэр нь амрагчдын дургүйцлийг төрүүлж, цахим орчинд өргөн хэлэлцүүлэг өрнөхөд хүрчээ. Зарим хэрэглэгчид шүүмжлэлтэй хандаж, дүрмийг ёжтойгоор тайлбарлан “шүхэр ашиглахын тулд гэр бүлийн байдал, насны шаардлага хангах хэрэгтэй” хэмээн хошигножээ.

Пунта Молентис далайн эрэг нь өнгөрсөн жил гарсан ой, хээрийн түймрийн улмаас хэсэг хугацаанд хаалттай байсан бөгөөд энэ удаагийн журам нь байгалийн өвөрмөц тогтоцыг хамгаалах, хүний нөлөөллийг бууруулах зорилготой гэж Вилласимиусын захиргаа тайлбарласан байна.

Мөн амрагчид асар, майхан зэрэг сүүдэрлэх байгууламж барихыг хориглосон бөгөөд эдгээр журам нь аравдугаар сарын сүүл хүртэл хүчинтэй байх аж.

Үүний зэрэгцээ Италийн өөр нэг алдартай амралтын бүс болох Венецийн ойролцоох Жезоло далайн эрэгт мөн адил хэт ачааллыг бууруулах зорилгоор нарны ор, шүхрийн тоог бууруулах арга хэмжээ авчээ.

Италид нийтийн далайн эргүүд ихэвчлэн хэт их хүндрэл, ачаалалтай байдаг бөгөөд хувийн далайн эргийн үйлчилгээний үнэ сүүлийн жилүүдэд тогтмол өссөн нь олон иргэдийг үнэгүй нийтийн эрэг ашиглахыг илүүд үзэхэд хүргэж байгаа талаар хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллагууд мэдээлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.