0

Ираны эрх баригчид Швейцарийн Бургенсток хотод Катар, Пакистаны зуучлалаар АНУ-тай хийсэн өндөр түвшний хэлэлцээрт "сайн ахиц дэвшил гарсан" гэж мэдэгдэв.
Иран Интернэшнл болон хагас албан ёсны Тасним мэдээллийн агентлаг зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай хэлэлцээрийн дараа "нөгөө талын (АНУ-ын) үүргээ биелүүлэх тал дээр ахиц дэвшил гарсан" гэж мэдэгджээ.
Хэвлэлийн төлөөлөгч Багай "Хамгийн том маргаантай асуудлын нэг болох Ормузын хоолойд аюулгүй тээвэрлэлтийн асуудлын талаар хоёр тал тусдаа удирдлагын механизм байгуулахаар тохиролцсон" гэж тайлбарлав. Тэрбээр "Бид Ираны газрын тосны экспортод шаардлагатай лиценз олгох, царцаасан хөрөнгийг чөлөөлөх талаар хэлэлцсэн. Эдгээр нь маш чухал асуудал бөгөөд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан" гэж нэмж хэлэв.
Тэрбээр цааш нь "Энэхүү дөрвөн талт хэлэлцээрийг алхам алхам болгон ашиглаж, ирээдүйд эцсийн тохиролцоонд хүрэх хэлэлцээрийн үндэс суурь, замын зургийг мөн хэлэлцсэн" бөгөөд "Ливан зэрэг бүх фронтод дайн дуусах ёстой" гэж онцолсон.
Хэвлэлийн төлөөлөгч Багай мөн хэлэлцээ тасалдахад хүргэсэн нөхцөл байдлыг тайлбарлав.
Тэрбээр “Дөрвөн талт хэлэлцээний үеэр АНУ-ын заналхийлсэн мэдэгдлийг олон нийтэд мэдэгдсэн бөгөөд Иран ийм нөхцөлд хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн” гэж нэмж хэлэхдээ “[Зуучлагч талууд] Катар, Пакистан хэлэлцээг үргэлжлүүлэхийг оролдсон ч бид татгалзсан” гэжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хэрэв Иран Хезболлахыг зогсоохгүй бол бид дахин хүчтэй цохилт өгөх болно” гэж мэдэгдсэний дараа хэлэлцээг зогсоосон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Багай “Ираны хэлэлцээрийн багийн байр суурь бол бид нөгөө талыг үүргээ биелүүлэхийг нь баталгаажуулахын тулд шахах ёстой” гэж онцолсон бөгөөд “тэд нөгөө тал амлалтаа биелүүлээгүйд санаа зовж байгаагаа илэрхийлж, Сионист дэглэм (Израиль) гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байгааг онцолсон” гэж тэмдэглэжээ.
Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан хоёр тал дараагийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж мэдээлж байна. Зуучлагч талууд болох Катар, Пакистан “Бүх асуудлаарх техникийн хэлэлцүүлэг энэ долоо хоногийн үлдсэн хугацаанд Бюргенсток амралтын газарт үргэлжилнэ” гэж мэдэгдэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.