dobu.mndobu

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-26

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы 2026.06.25-ний өдрийн үдээс хойших хуралдааны эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, үнэд суурилсан татварын хувь хэмжээг зохицуулахаар боловсруулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Манай улсад уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол нэмэгдсээр 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3,5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 19,9 хувь, 24,8 хувь болж огцом өсжээ. Энэ нь бүх төрлийн тамхины хор хөнөөлөөс өсвөр, залуу үеийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байна. Ажлын хэсэг болон гишүүдээс гарсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гишүүдийн олонх дэмжив.

Үргэлжлүүлэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар, Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр дээрх хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газар зүй, нэрийн жагсаалт батлах тухай Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 65,7 хувийн саналаар баталлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж нэр дэвшигч Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчдээс Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал, Үндсэн хуулийг сахиулах чиглэлд хэрхэн ажиллах талаар асуулт асууж, саналаа хэлсэн юм.

Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төсөл, бусад асуудлын санал хураалтыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.