dobu.mndobu

Европт хэт халалтаас үүдсэн нас баралт нэмэгдэж байна

Европт хэт халалтаас үүдсэн нас баралт нэмэгдэж байна

Европ тивийг хамарсан зуны эхэн үеийн түүхэн халалтын давлагааны улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхаарууллаа.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, зургадугаар сарын 21-нээс хойш Европт хэт халуунтай холбоотойгоор 1300 гаруй хүн амь насаа алдсан гэж бүртгэгджээ.

Тэрбээр "Халууны чимээгүй алуурчин гэж нэрлэдэг. Европын орон сууц, ажлын байр, сургуулиуд ийм өндөр температурт зориулагдан баригдаагүй" хэмээн мэдэгдсэн байна.

Францын Эрүүл мэндийн яамнаас ням гарагт мэдээлэхдээ өнгөрсөн лхагва гарагаас хойш тус улсад хүлээгдэж байснаас 1000 орчим хүнээр илүү нас барсан бөгөөд нас барагсдын дийлэнх нь 65-аас дээш насныхан байсан гэжээ. Мөн гэртээ нас барсан иргэдийн тоо 40 хувиар өссөн байна.

ДЭМБ Европыг дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив хэмээн тодорхойлж, дэлхийн дунджаас хоёр дахин хурдтайгаар дулаарч байгааг онцоллоо. Тус байгууллагын мэдээлснээр, сая сая хүн хэт халууны нөлөөнд өртөж, олон зуун хүн амь насаа алдан, сургуулиуд хаагдаж, эрчим хүчний сүлжээ хэт ачаалалд орсон байна.

Ням гарагт Герман улс дараалан гурав дахь өдрөө түүхэн дээд температурын рекордоо шинэчилж, зүүн бүсийн Кошен хотод агаарын температур 41.7 хэм хүрчээ. Чех улсад Прага хотын хойд хэсгийн Доксани сууринд 41.1 хэм бүртгэгдсэн нь хоёр хоногийн доторх хоёр дахь температурын дээд амжилт болсон байна. Мөн Польш улсын Слубице хотод 40.5 хэм хүрч, улсын түүхэн дээд температур тогтоогджээ.

ДЭМБ-ын үзэж буйгаар энэхүү хэт халалтын гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт бөгөөд урьд нь "нэг үеийнхэн л нэг удаа тохиолдох" гэж үздэг байсан халалтын давлагаа бараг жил бүр давтагдах хэмжээнд хүрээд байна.

Үүнтэй холбогдуулан Европын орнууд эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэт халалтын үеийн арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг ДЭМБ уриалжээ.

Хэт халалтын улмаас Европын олон орон онцгой арга хэмжээ авч эхэлсэн байна. Нидерландад Defqon.1 хөгжмийн наадам улаан түвшний халалтын сэрэмжлүүлгийн улмаас цуцлагдсан бол Францын нийслэл Парист олон нийтийн газар авч явсан согтууруулах ундаа хэрэглэхийг түр хориглож, ижил хүйстнүүдийн бахархлын жагсаалыг цуцалжээ.

Мөн Францад халалтын үеэр гол, нуур, цөөрөм зэрэг хамгаалалтгүй усанд осолдсоны улмаас 74 хүн амиа алдсан талаар Дотоод хэргийн сайд Лоран Нюнез мэдээлсэн байна.

Цаг уурчдын тайлбарласнаар энэ удаагийн түүхэн халалтын давлагаа нь "халууны бөмбөгөр" (heat dome) гэх цаг уурын үзэгдлийн нөлөөгөөр үүссэн бөгөөд энэ үед халуун агаар агаар мандлын доод хэсэгт удаан хугацаагаар тогтон баригдсанаар агаарын температур эрс нэмэгддэг аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.