0

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдэд зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн хүртээмжтэй хамруулах талаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн төлөөллүүд “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам”-ны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Уулзалтаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах цахим бүртгэл, сонгон шалгаруулалтыг явуулахдаа онооны системийг хэрхэн зөв үнэлэх аргачлал болон төрийн бодлогыг хэрхэн зүй зохистой тусгаж, хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Ялангуяа төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний гэр бүл, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эх, ахмад настан, залуу гэр бүлүүд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг төрийн өмчийн орон сууцанд хамруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байгааг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн зүгээс онцлов.
Монгол Улсын Засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ыг баталсан. Энэхүү журмаар төрийн өмчийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдээс “Солонго 1-2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөд бэлэн болсон. Энэхүү төсөлд иргэдийг хамруулахдаа хүний оролцоогүй, цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын системийг ашиглах юм. ТОСК ТӨХХК-иас “Солонго 1-2” төслийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтыг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.