0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийнхэн “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд өөрсдийн санаачилгаар бүтээсэн Виртуал өрөөгөө нээлээ.
Бусад нэгжүүд ажлын байраа биетээр тохижуулж байгаа бол тус хэлтсийн ажилтнууд өөрсдийн ажлын онцлог, дижитал шилжилтэнд нийцүүлэн цахим орчинд мэдлэгийн ажлын байраа бүтээхээр шийджээ. Виртуал өрөө нь компьютерийн хөтчөөр нээгддэг гурван хэмжээст албан тасалгаа юм. Уг өрөө нь Уулзалтын өрөө болон Ажлын өрөө гэсэн хоёр хэсгээс бүтнэ.
Ажлын өрөөнд хэлтсийн гурван мэргэжилтний ажлын байрны танилцуулга байрлаж, ширээн дээрх компьютерийн дэлгэц дээр дарахад дэлгэц дүүрэн нээгдэнэ. Баруун хананд “Мэдлэгийг хуваалцах, хадгалах” хаягтай шүүгээ байрлах бөгөөд түүнд нийт долоон хавтас дугаарлан байрлуулсан бөгөөд хавтас бүрийг нээж, ном хуудас шиг эргүүлэн унших боломжтой. Үүнд гадаад худалдааны Incoterms 2020 лавлах, нэгдсэн менежментийн тогтолцооны гарын авлага, БелАЗ-ын сэлбэгийн каталог, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын гарын авлага, мэдлэг түгээх хөтөлбөрийн лавлах, макро эдийн засгийн төсөөлөл, эрсдэлийн удирдлагын гарын авлага зэргийг багтаасан. Шилэн хаалган дээрх лавлах жагсаалт нь хавтас бүрийн агуулга, хариуцах ажилтныг заана.
Уулзалтын өрөө нь хэлтсийн танилцуулга видео болон ажлын байрны танилцуулга видео үзүүлэх хоёр дэлгэцтэй. Зочин хаалгаар нэг өрөөнөөс нөгөөд орж, скролл хийхэд аяллын замаар дагуулан хөтөлнө.
Виртуал өрөөнд дугаар 8-10 хавтас одоогоор нөөцөд байгаа бөгөөд шинэ гарын авлага, кейс, туршлага нэмэгдэх бүрт шүүгээ дүүрэх юм. Цаашид ажилтнуудын хуваалцсан кейс, алдаа сургамж, шинэ мэдлэгийг энэ өрөөнд тогтмол шинэчлэн байршуулах төлөвлөж буй ажээ.
“Мэдлэг гэдэг нэг хүний хөрөнгө биш, хамтын зүйл. Түүнийг хуваалцахад багасдаггүй, харин өсдөг. Энэ өрөө бол бидний жижиг эхлэл. Хэн ч, хаанаас ч, хэзээ ч орж үзэж, мэдлэг, туршлагаа нэмж болно” гэж нээлтийн танилцуулгадаа хэлтсийн ажилтнууд онцолсон. Тэд мэдлэг түгээх виртуал өрөөгөө дотоод нөөц бололцоогоо ашиглан, хамтдаа бүтээжээ.




Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.