0

Дэлхийн хамгийн баян атлаа гайхмаар даруухан, хачин жигтэй амьдарсан хамгийн сонирхолтой хүн бол Чак Фини (Chuck Feeney) юм.
Чак Финигийн хүүхэд нас нь Их хямралын үед АНУ-ын Нью-Жерси мужийн Элизабет хотод өнгөрсөн бөгөөд түүний даруухан, хөдөлмөрч зан чанар яг л энэ үеэс төлөвшжээ. Түүний эцэг нь даатгалын зуучлагч, эх нь эмнэлгийн сувилагч байсан ба Ирланд гаралтай, ажилчин ангийн маш даруухан гэр бүл байв. Түүний эх нь бусдад туслах дуртай, өгөөмөр нэгэн байсан нь Чакийн хүмүүжилд том нөлөө үзүүлжээ.
Бага байхдаа мөнгө олохын тулд цас цэвэрлэж, зул сарын баярын ил захидал айлуудаар явж зардаг байсан Чак нь Ирланд гаралтай Америк гэр бүлээс их сургуульд орсон анхны хүн байв. Тэрээр Гэгээн Мариагийн нэрэмжит ахлах сургуулийг 1949 онд төгссөн бөгөөд тус сургуульд олж авсан хүмүүжил нь түүнд өгөөмөр байхын утга учрыг анх заасан гэж дурсдаг.
Сургуулиа төгсөөд 17-хон насандаа АНУ-ын Агаарын цэргийн хүчинд элсэж, Солонгосын дайны үеэр Японд 4 жил радио оператороор алба хаажээ.
Цэргээс халагдсаны дараа дайнд оролцсон цэргүүдэд олгодог тэтгэлгээр Cornell University-д элсэж, гэр бүлээсээ их сургуульд сурсан анхны хүн болов.
Сургуульд байхдаа тэрбээр шөнөөр өлссөн оюутнуудад зориулж "хоёр зүсэм талх, нэг зүсэм хиамаар" хавчуургатай талх (sandwich) хийж зардаг байснаас үүдэн найзууд нь түүнийг "Sandwich Man" гэж хочилдог байв. Яг энэ сургуульд тэрбээр ирээдүйн тэрбумын бизнесээ хамтран байгуулах Robert Miller-тэй танилцсан түүхтэй.
Их сургуулиа төгсөөд Чак Фини Европоор аялж явахдаа нэгэн маш ухаалаг боломжийг олж харжээ. Энэ нь цэргүүдэд татваргүй архи зарах. Тэрбээр Европт байрлаж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн флотын цэргүүдэд татваргүй (duty-free) архи худалдаалж бизнесийн гараагаа эхэлсэн байна.
1960-аад онд Япон улс иргэдийнхээ гадаад руу аялах хоригийг цуцалжээ. Энэ үеэр явуулын бизнесээ албан ёсны компани болгож, DFS (Duty Free Shoppers) сүлжээг байгуулав.
Япончууд гадаадаас бэлэг дурсгал, архи, тамхи, брэндийн бараа авах маш дуртайг тэр мэдэрсэн юм. Чак Фини бүр Хавай, Хонконг руу нисэж, Япон жуулчдын очих дуртай цэгүүдэд хамгийн түрүүнд татваргүй барааны дэлгүүрүүдээ нээж чадсанаар маш богино хугацаанд тэрбумтан болсон юм.
Тэрбээр “Giving While Living” гэдэг зарчмыг баримталдаг байсан тул үхэхийг хүлээлгүй, амьд ахуйдаа бүх мөнгөө үр дүнтэй салбаруудад хуваарилжээ. Дэлхийн боловсролд 3.7 тэрбум доллар. Түүний сурч байсан Корнеллын их сургуульд бараг 1 тэрбум доллар, мөн Вьетнам, Ирланд, Австралийн их сургуулиудын хотхон, лабораториудыг барихад тэрбум тэрбумаар нь өгсөн.
Эрүүл мэндийн салбарт 2.8 тэрбум доллар. Вьетнамын эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, Кубад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, мөн тархины өвчин (Альцгеймер)-ийг анагаах судалгааны төвүүдэд асар их хөрөнгө оруулсан байдаг. Хүний эрх ба Энх тайванд 1 тэрбум гаруй доллар зарцуулсан бол Өмнөд Африкт ардчиллыг дэмжих, Умард Ирландад олон жил үргэлжилсэн цуст мөргөлдөөнийг зогсоож, энх тайван тогтоох хэлэлцээрийг нууцаар санхүүжүүлж байсан юм.
Хамгийн гайхалтай нь тэрбээр 1982 оноос 1997 он хүртэл “The Atlantic Philanthropies” сангаараа дамжуулан хандиваа өгөхдөө нэг ч удаа өөрийн нэрийг дурдуулаагүй юм. Тусламж авч буй байгууллагууд мөнгөний эзнийг асууж сураглах, эсвэл задруулбал санхүүжилтийг шууд зогсоох хатуу гэрээ хийдэг байв.
1997 онд түүний DFS компанийг тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” групп худалдаж авах үед шүүхийн бичиг баримтаас үүдэн түүний нууц задарч, дэлхий нийт Чак Фини гэж хэн болохыг олж мэдсэн юм. Тэрбээр 2020 онд сангаа албан ёсоор татан буулгаж, 8 тэрбум долларыг яг төлөвлөснийхөө дагуу 0 доллар үлдтэл нь бүгдийг нь буяны үйлсэд зарцуулж дуусгасан түүхтэй.
Чак Финигийн энэхүү гайхалтай түүхээс сэдэвлэн дэлхийн хамгийн баян хүмүүс нэгдэж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хандивын хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. Үүнийг "The Giving Pledge" гэж нэрлэдэг.
2010 онд дэлхийн тэргүүн баячууд болох Билл Гейтс түүний гэргий Мелинда Гейтс болон хөрөнгө оруулалтын хаан Уоррен Баффет нар хамтран санаачилжээ. Билл Гейтс, Уоррен Баффет нар "The Giving Pledge"-ийг үүсгэн байгуулах гол урам зориг, санаагаа яг Чак Финигээс авсан гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд Чакийг энэ хөдөлгөөний "Үлгэр дуурайлал" гэж нэрлэдэг.
Энэ хөдөлгөөний гол дүрэм нь амлалтад нэгдсэн тэрбумтан өөрийн хөрөнгийн тэн хагасаас буюу 50% илүүг, зарим нь бүр 90 гаруй хувийг амьд ахуйдаа эсвэл насан эцэслэснийхээ дараа буяны үйлсэд зориулах ёстой. Энэ нь хуулийн хариуцлага, хууль ёсны гэрээ биш, харин тэрбумтнуудын дэлхий нийтийн өмнө өгч буй "Нэр төр, ёс суртахууны амлалт" юм.
Энэхүү хөдөлгөөнд дэлхийн өнцөг булан бүрээс олон зуун тэрбумтан нэгдээд байна. Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өөрийн эзэмшдэг хувьцааныхаа 99%-ийг охиндоо үлдээлгүй, хүн төрөлхтний эрүүл мэнд, боловсролын төлөө хандивлана гэдгээ зарласан. Жефф Безос “Amazon”-оос гарсныхаа дараа авсан тэрбум тэрбум долларын хөрөнгөө маш хурдтайгаар, ямар нэгэн шалгуур тавилгүйгээр шууд хэрэгцээтэй газруудад нь хандивлаж буй эмэгтэй. Илон Маск хүртэл энэ амлалтад нэгдсэн бөгөөд хөрөнгийнхөө ихэнхийг хүн төрөлхтнийг олон гаригийн иргэншил болгох, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд зориулна гэсэн байдаг.
Уоррен Баффет өөрийн хөрөнгийн 99 хувийг хандивлахаар амлахдаа ингэж хэлсэн байдаг "Би өөрийн хүүхдүүдэд юу ч хийхэд хангалттай хүрэлцэхүйц мөнгө үлдээхийг хүсдэг, харин юу ч хийхгүй зүгээр суухаар их мөнгө үлдээхийг хүсдэггүй"
Тэрбумтнууд мөнгөө зүгээр л банкинд хадгалах эсвэл хүүхдүүддээ өвлүүлж "эрхлүүлэх" биш, дэлхийн дулаарал, ядуурал, хорт хавдар зэрэг том асуудлуудыг шийдэхэд зориулах нь илүү утга учиртай гэдгийг Чак Фини анх эхлүүлж, бусад нь ийнхүү үргэлжлүүлж байна.
Чак Фини ухаалаг гар утас огт хэрэглээгүй, ердөө 15 долларын “Casio” цаг зүүдэг, хувийн машингүй бөгөөд үргэлж автобус, метрогоор зорчдог. Тэрбумтан байж үргэлж энгийн ангиллаар нисдэг, Сан Францискод даруухан түрээсийн байранд амьдардаг, нас барахдаа өөртөө ердөө 2 сая доллар л үлдээсэн юм.
Чак Фини хоёр удаа гэрлэж, таван хүүхэдтэй болсон юм. Түүний анхны эхнэр нь Дани гаралтай Даниэль гэх эмэгтэйтэй гэрлэж, 4 охин, 1 хүүтэй болсон. Чак Финигийн хэтэрхий энгийн, бараг "ядуу" мэт амьдрах гэсэн тэмүүлэл нь тансаг амьдрахыг хүссэн эхнэрийнх нь үзэл бодолтой зөрчилдөж тэд 1990-ээд оны эхээр салсан бөгөөд Чак Фини гэр бүлдээ Франц дахь тансаг харш, Нью-Йорк дахь орон сууц зэрэг хэдэн арван сая долларын хөрөнгийг үлдээсэн. Энэ нь түүний буяны үйлсэд зориулаагүй цөөн хөрөнгийн нэг байв.
Хоёр дахь эхнэр нь түүний нарийн бичгээр ажиллаж байсан хамгийн үнэнч түшиг Хельга Фини юм. Хельга түүний энгийн амьдрах гүн ухааныг бүрэн дэмжсэн бөгөөд тэд Сан Франциско дахь жижиг түрээсийн байранд Чак Финиг 2023 онд насан эцэслэх хүртэл хамтдаа маш даруухан амьдарсан юм.
Чак Фини хүүхдүүдээ тэрбумтны эрх хүүхдүүд болгож өсгөхийг хүсээгүй тул зуны амралтаараа бусад жирийн хүүхдүүдийн адил зайрмагны газар, зочид буудалд цагийн ажил хийж, мөнгөө өөрсдөө олдог байв. Хүүхдүүдээ Нью-Йорк руу явахдаа такси биш, үргэлж автобус эсвэл метро унахыг шаарддаг байжээ.
Хамгийн гайхалтай нь түүний 5 хүүхэд аавыгаа 8 тэрбум долларын өв хөрөнгийг нь буяны үйлсэд бүгдийг нь өгөхөд хэн нь ч эсэргүүцээгүй бөгөөд аавынхаа шийдвэрийг бүрэн хүндэтгэж, бахархаж хүлээж авсан байдаг. Тэд бүгд өнөөдөр өөрсдийн хөдөлмөрөөр эгэл жирийн, чинээлэг амьдарч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.