0

Монгол-Тажикистаны бизнес форум өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж байна. Форумыг нээж УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар үг хэлэв.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат форумыг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн жилийн 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдсан Монгол-Тажикистаны анхдугаар бизнес форум нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх чухал эхлэл болсныг онцлон тэмдэглэв. Өнөөдрийн энэхүү дугуй ширээний уулзалт нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэх, шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Ц.Идэрбат онцоллоо.
Монгол, Тажикистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байна. Тухайлбал, 2024 онд хоёр улсын худалдааны эргэлт 0.2 сая ам.доллар байсан бол 2025 оны эцэст 1.66 сая ам.долларт хүрч, 2026 оны эхний зургаан сарын байдлаар худалдааны эргэлт 1.02 сая ам.долларт хүрээд байгаа нь энэхүү эерэг хандлага цаашид үргэлжилж байгааг харуулж байна.
Өнгөрсөн жилийн бизнес форумын үеэр эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд харилцан айлчилж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг хөгжүүлэх, худалдааны шинэ сувгийг бий болгох, хамтын ажиллагааны бодит механизмыг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Энэ нь бизнес форумын үеэр тавигдсан зорилтууд бодит ажил хэрэг болж эхэлсний илэрхийлэл гэж үзэж байгаагаа сайд Ц.Идэрбат илэрхийллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, Монгол, Тажикистаны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр улсын бизнес форумд оролцогчдын идэвх санаачилга, харилцан итгэлцэл, урт хугацааны түншлэл хамгийн чухал үүрэгтэй. Энэхүү дугуй ширээний уулзалтын хүрээнд шинэ хамтын ажиллагааны санаачилга дэвшүүлж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, бизнесийн шинэ түншлэлүүдийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид ч бүх талаар дэмжин ажиллах болно.
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Монгол Улсаас Тажикистан Улсад экспортолж буй бүтээгдэхүүний дийлэнх хувийг хонь, ямаа, адуу, үхрийн мах зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Харин Тажикистан Улсаас хатаасан жимс, хүнсний бүтээгдэхүүн, амтлаг гурилан бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлж байгаа нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх өргөн боломж байгааг харуулж байна.
Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэхийн зэрэгцээ Тажикистан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, харилцан нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх өргөн боломжтой гэж үзэж байна.
Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн тулд мал, амьтны эрүүл мэнд, ургамлын хорио цээр, хүнсний аюулгүй байдал, стандарт, баталгаажуулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ логистик, тээврийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулах нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.







Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.