dobu.mndobu

Шатахууны хомсдол жуулчдын үйлчилгээнд ноцтой хүндрэл учруулж байна

Шатахууны хомсдол жуулчдын үйлчилгээнд ноцтой хүндрэл учруулж байна

Шатахууны хомсдол аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл үүсгэж, зарим аялал тасалдах эрсдэл бий болгож буй талаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон салбарын төлөөллүүд өчигдөр /2026.08.05/ мэдээллээ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Дуламсүрэнгийн хэлснээр, долоо, наймдугаар сар нь жуулчдын урсгал хамгийн их байдаг улирал бөгөөд энэ наймдугаар сард 120 мянга орчим жуулчин хүлээн авахаар тооцоолжээ. Харин шатахууны нийлүүлэлт хэвийн байсан бол энэ тоо 150 мянгад хүрэх боломжтой байсан гэж онцолсон байна.

Түүний мэдээлснээр, шатахууны хомсдолоос шалтгаалан жуулчид шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дугаарлах, аяллын маршрутаа таслах, зарим тохиолдолд аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болох асуудал түгээмэл гарчээ.

Мөн наймдугаар сард ирэхээр тооцоолсон 120 мянган жуулчинд 15 мянга орчим жолооч үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэг автомашин долоо хоногийн орон нутгийн аялал хийхэд дунджаар 300-400 литр шатахуун шаардлагатайг дурдсан юм. Ингэснээр зөвхөн энэ сард аялал жуулчлалын үйлчилгээнд 6,000 орчим тонн бензин хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна.

Тус холбооны мэдээлснээр, Үндэсний их баяр наадмын өмнө жуулчдын оргил улиралд шатахууны хомсдол үүсэж болзошгүй талаар холбогдох яамдад албан ёсоор анхааруулж байсан ч "шатахууны нөөц хангалттай" гэсэн хариу авчээ. Мөн үүнээс хойш салбарын яам, холбогдох байгууллагуудтай уулзах хүсэлт хүргүүлсэн боловч одоог хүртэл тодорхой хариу аваагүй байгаа аж.

Иймээс Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг салбарынханд шуурхай хүргэж, асуудлыг хамтран шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас хүслээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.