dobu.mndobu

Оливын тосыг нимбэгний шүүстэй хольж уух нь үнэхээр ашигтай юу

Оливын тосыг нимбэгний шүүстэй хольж уух нь үнэхээр ашигтай юу

Оливын тос, нимбэгний шүүсийг хольж уувал биеийг хоргүйжүүлж, жин хасахад тусалж, цөсний чулуутай тэмцдэг гэх мэт мэдээлэл цахим орчинд түгээмэл байдаг. Гэвч эдгээрийг батлах шинжлэх ухааны нотолгоо одоогоор хангалтгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Оливын тос, нимбэгний шүүс нь Газар дундын тэнгисийн бүс нутгийн хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг бөгөөд тус бүрдээ эрүүл мэндэд тустай олон шим тэжээл агуулдаг. Харин эдгээрийг хамтад нь хэрэглэснээр нэмэлт ач холбогдолтой эсэхийг судалсан судалгаа цөөн байна.

Оливын тос, ялангуяа зүрхэнд тустай нэг ханаагүй тосны хүчил болох олейны хүчлээр баялаг. Мөн Е, К аминдэм болон эсийг исэлдэлтийн гэмтлээс хамгаалдаг полифенол зэрэг антиоксидантуудыг агуулдаг. Харин нимбэгний шүүс нь С аминдэм, үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлчилгээтэй флавоноидоор баялаг юм.

Зарим хүмүүс оливын тос, нимбэгний шүүсийг хамтад нь хэрэглэвэл биеийг "цэвэрлэж", хорт бодисыг гадагшлуулдаг гэж үздэг. Гэвч хүний бие өөрөө элэг, бөөр зэрэг эрхтний тусламжтайгаар хорт бодисыг зайлуулах тогтолцоотой бөгөөд энэ хольц ийм үйлчилгээ үзүүлдэг болохыг баталсан судалгаа байхгүй байна. Харин антиоксидантууд нь эсийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалахад хувь нэмэр оруулдаг.

Жин хасах тухайд нимбэгний С аминдэм нь өөх тосыг энерги болгон ашиглах үйл явцад оролцдог бол оливын тосонд агуулагдах ханаагүй тос нь удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлэхэд тустай байж болохыг зарим судалгаа харуулжээ. Гэсэн хэдий ч оливын тос, нимбэгний шүүсийг хамтад нь уух нь жин бууруулдаг гэсэн баттай нотолгоо одоогоор байхгүй байна.

Мөн энэ хольц цөсний болон бөөрний чулууг эмчилдэг гэсэн мэдээлэл ч хангалттай судалгаагаар батлагдаагүй. Эрүүл тос хэрэглэх нь цөсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж болох ч чулууг арилгана гэсэн нотолгоо одоогоор үгүй юм.

Сүүлийн жилүүдэд оливын тос, нимбэгний шүүсийг бэлгийн сулралд тустай гэж сурталчлах болсон. Гэвч энэ талаар хийсэн судалгаа маш хязгаарлагдмал бөгөөд зөвхөн оливын тос их хэрэглэдэг Газар дундын тэнгисийн хэв маягийн хооллолт нь бэлгийн сулралын эрсдэлийг бууруулахтай холбоотой байж болохыг тогтоосноос биш дээрх хоёр бүтээгдэхүүнийг хамтад нь уух нь ийм нөлөөтэй гэдгийг батлаагүй байна.

Хэдийгээр энэ хольц ихэнх хүмүүст хоргүй боловч нимбэгний хүчиллэг чанар нь шүдний пааланг гэмтээх эрсдэлтэй. Мөн оливын тос нь илчлэг өндөртэй тул жингээ барихыг зорьж буй хүмүүс тохируулан хэрэглэх нь зүйтэй.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар оливын тос, нимбэгний шүүсийг ид шидийн эмчилгээ гэж үзэхээс илүүтэй эрүүл, тэнцвэртэй хооллолтын нэг хэсэг болгон салатны амтлагч, хоол хийхэд ашиглах нь хамгийн зөв сонголт гэжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.