0

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх барьж суусан таван жилийн хугацаандаа “амаргүй цаг үе” гэдэг үгийг мөн ч их ашиглаж билээ. Гэвч экс Ерөнхий сайдын амаргүй цаг үе нь дотоодын хэдэн аж ахуйн нэгжээ дайсан гэж зарлачихаад, тэдэнтэйгээ зодолдож байснаас халиагүй гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй.
Начир дээрээ жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна. Гэлээ гэхдээ “амаргүй байна” гэж гоншигоносонгүй, тохирсон цаг хугацаандаа таарсан шийдвэр, шийдлээ гаргаад улс орныг уруудан доройтуулчихгүй, урдах төр засгаа муулж, дэвсэлчихгүй авч явахыг хичээсээр байгааг нь та бид харж байна. Ард түмний санал хүсэлт, шүүмжлэлд мэдрэмжтэй хандаж, хүссэн шийдвэрийг нь, хүлээсэн бодлогыг нь 100 хоногийн хугацаанд чөлөөлж байгааг нь худлаа гэх хүн гарахгүй байх. Гэвч экспортлогч бус импортлогч орны зовлон Н.Учралын Засгийн газрын толгойн өвчин болж, урд өмнөх жилүүдэд олонтай давтагдсан ч шийдэж чадахгүй явж буй шатахууны хомсдол намрын их улс төртэй зэрэгцэн босож ирлээ. Дэлхий дахины геополитикийн амаргүй цаг үе гэдэг чинь одоо л жинхэнэ утгаараа дан ганц Н.Учралын бус монголчуудын толгойн өвчин болоодхов.
ДАЙН ӨЧИГДӨР БОЛООГҮЙ...
Ингэж хэлж, шүүмжилсэн олон хүн байгаа. Энэ бол мэдээжийн асуудал. ОХУ-ын Украинтай хийж буй дайн 4.5 жилийн хугацаанд үргэлжилж буй нь туйлын үнэн. Өнөөдөр бус өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэд, хэдэн удаа шатахууны хомсдолд орж, улсаараа шатахуун түгээх станцуудынхаа гадаа очерлож байсан нь бас үнэн. Ерөнхий сайд Н.Учралын яг одоо туулж буй бэрхшээлтэй асуудал Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газрын үед ч монголчуудын хэрүүлийн сэдэв болж байсныг эргэн санацгаая. ОХУ тухай бүрт гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаж, хилийн үнэдээ өөрчлөлт оруулахгүйгээр өөрөөсөө илүүчилж, өөр нэг улсын ард түмний асуудлыг шийдэж явсан нь бас үнэн. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал цаашдаа улам бүр тодорхойгүй байдал руу орно гэдгийг төр засгийн удирдлага, экс Ерөнхий сайдууд маань эртнээс тооцоолж, нөөц бүрдүүлэх ажилдаа яагаад анхаарсангүй вэ гэдэг нь харин асуултын тэмдэгтэй сэдэв.
Монгол Улс өнгөрсөн 30 гаруй жилийн туршид яагаад шатахуун нөөцлөх агуулах, саваа бэлдэж болоогүй юм бэ. Яагаад дайн эхэлсэн 4.5 жилд дотоодын хэдэн аж ахуйн нэгжээ “зодож”, худалч хулгайчаар нь цоллон хөөцөлдөж гүйх бус гадаад нөхцөл байдлаа анхаарч, нөөцийн саваа бэлдсэнгүй вэ гэдэг нь шүүмжлэх ёстой сэдэв мөнөөсөө мөн. Муу, муухайгаар цоллуулж, муухай сайхнаар дуудуулж байгаа ч Г.Дамдинням эрдэс баялгийн салбар удирдаж, Н.Учрал засгийг толгойлж байх цагтаа харин агуулах савтай байя гэдэг санаачилга гаргаж, 33 жилийн дараа Монгол Улс анх удаа 3 сарын нөөц бүрдүүлэх 300 мянган м3 багтаамжтай, 22 шатахууны нөөц, агуулах сав барихаар 20 тэрбумын зээл олгох шийдвэр гаргажээ. Нөөц бүрдүүлэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлэх, Монгол Улсын нэн тэргүүнд шийдэх ёстой 3 том асуудлын нэг гэдгийг Долоон буудлын Должин эмээ ч мэдэж байв. Гэтэл манай эксүүд үүнийг мэдээгүй юу эсвэл мэдсэн ч мэдэн будилсаар энд хүрсэн үү. Н.Учралын Засгийн газар харин шатахууны хараат байдлаас гарах 3 том асуудлаа шийднэ гэдгээ олон нийтэд зарлалаа.
-Нэгдүгээрт, 1 сарын л нөөц бүрдүүлэх агуулахын багтаамжаа өргөтгөж, 3 сарын нөөц бүрдүүлэх агуулах барих
-Хоёрдугаарт, 3 сая тонн газрын тосны нөөцтэй ч дөнгөж 400 мянган тонны нөөцөө тогтоогоод буй учраас хайгуулаа эрчимжүүлж, нөөцөө нэмэгдүүлэх
-Гуравдугаарт, Газрын тос боловсруулах үйлдвэрээ нэн яаралтай ашиглалтад оруулна гэв. Улмаар, Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд үүсээд байгаа гацааг нэн яаралтай горимоор хууль батлуулан арилгаж, 4500 ажилтан, алба хаагчид 24 цагаар үйлдвэрийн бүтээн байгуулалтад ажиллаж байгаа нь энэ Засгийн газрын хийсэн том ажил.
МОНОПОЛЬ БАЙДЛЫГ ЗАДЛАХ НЬ ЗӨВ, БУРУУ
Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2026.08.05/ хуралдаанаас гаргасан “Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор шатахууны бүх төрлийн гаалийн албан татварыг 2027 оны 02 дугаар сар хүртэл тэглэж, хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан ААН хийгээд иргэд хилээр чөлөөтэй шатахуун, дизель түлш нэвтрүүлэх буюу “нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлнэ” гэдгээ зарлалаа. Үүнийг олон хүн хүсэж, хүлээж байсан нь үнэн. “Монополь байдлыг хал, хэн чөлөөтэй нь хилээр шатахуун оруулж ирэх боломжийг хангаж өг. Тэгвэл дутагдалтай, хараат байдлаас гарна” хэмээн иргэд шүүмжилж байлаа.
Ерөнхий сайд Н.Учрал ч үүнийг соргог анзаарч, шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 гаруй ААН-ийн хэн нь ч хуулийн нөхцлөө хангаад оруулж ирсэн байсан хориг саад тавихгүй гэдгээ зарлав. Гэтэл дахиад л мушгин гуйвуулж “Н.Учралын Засгийн газар үнэнд бууж өглөө. Өөрсдөө чадахгүй учраас иргэдээ амиа бодоорой гэчихлээ” хэмээн шүүмжлэх нь тэр. Эндээс нэг л асуулт гарч ирнэ. Монополь байдлыг задлах нь зөв юм уу, эсвэл буруу юм уу.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдэгдэл хийхдээ “Шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 гаруй ААН байгаа ч ердөө 20 хүрэхгүй нь шаардлагаа бүрэн хангаж, хилээр шатахуун оруулж ирдэг. Энэ байдлыг задална. Хуулийн шалгуураа хангасан иргэн байсан ч 200 литрээр нь оруулж ирэх эрхийг нээж байна. Гагцхүү шатах, тослох материал гэдгээ бодож стандарт, дүрэм журмаа мөрдөцгөөе” гэв. Товчхондоо, дургүйгээ хүрвэл хаалгаа барьж, хавчин гадуурхдаг гэж шүүмжлүүлдэг цөөхөн хэдхэн ААН-үүд бус та бүхэнд ч оруулж ирэх эрх нь нээгдсэн шүү гэдэг мессеж өгчээ. Гэтэл “Импортлогч хэдэн ААН-тай үгсэн хуйвалдаж байна. Цаашдаа үнээ нэмнэ гэдгээ зарлалаа. Тэдэнд төрийн мөнгөөр агуулах барьж өгөхөөр шийдчихлээ” гэсэн утгагүй улстөржүүлэлт болгоотхов.
Илжгээ унавал шүүмжилнэ, хөтөлвөл шүүмжилнэ, эхнэрээ суулгавал шүүмжилнэ, өөрөө суувал шүүмжилнэ гэдэг үлгэр шиг л улс төр өрнөж байна. Хэн гэдгийг нь ч манай ард түмэн мэдэж байгаа. Өөрсдөө хийгээгүй атлаа өрөөл бусад нь хийгээд эхлэхээр утаа, хиншүү ханхлуулж буй улстөрчдөө ялгаж, салгадаг болчихсон нь авууштай. Шатахууны зөвшөөрлийг чөлөөлж буй энэхүү шийдвэрийн араас “хуурамч шатахуун” гэсэн үлгэр, цуурхал ч хэсэг бүлгээс тун удахгүй гарна гэдэг нь ойлгомжтой болов. Гэлээ гэхдээ энэ өдрүүдэд маш тодорхой, ойлгомжтой шийдвэрүүдийг гаргаж чадсан нь талархууштай.
ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ИЛҮҮ ХАНГАМЖАА ХЭВИЙН БАЙЛГАХ НЬ НЭН ЧУХАЛ
Өмнө хэлсэнчлэн, дайн нэг л өдөр болоогүй. Дэлхийн хэд, хэдэн бүс нутагт дайн, хүчтэй мөргөлдөөн, зэвсэгт халдлагууд өдөр, шөнөгүй болсоор. Орос, Украинаас гадна Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн 3 дугаар сараас хойш дэлхийн зах зээл дээр “Брент” төрлийн газрын тосны үнэ 85.97 ам.доллар болтлоо өсөв. ОХУ хэдийгээр Монгол Улстай гэрээтэй, үүргээ зөрчихгүй, шатахууны хилийн хориг тавьсан ч танайд өгсөөр байна гэдгээ мэдэгдсэн ч сүүлийн 5 сар тасралтгүй дээш, доош хэлбэлзэж буй газрын тосны үнээс шалтгаалан хилийн үнэд өөрчлөлт оруулна гэдгээ долдугаар сарын эхээр мэдэгдэж байлаа.
Өөрөөр хэлбэл, “Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 3 сарын хугацаанд өссөн тохиолдолд үнийг эргэж харна” гэсэн гэрээний заалтынхаа дагуу 705 ам.доллар байсан хилийн үнээ 110 ам.доллараар нэмэгдүүлж, 815 ам.доллар болгох саналыг манай талд ирүүлсэн билээ. Бид эрчимтэй яриа хэлцэл хийсний үр дүнд 800 ам.долларт тогтоож, дотоодын зах зээлд шатахууны үнийг 150-200 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй болж байлаа. Долдугаар сарын сүүлчээс шатахууны зах зээлийн үнэ дахин өсөж, ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ энэ сард хоногт 3.6 сая баррел болж, 2002 оноос хойшх хамгийн доод түвшиндээ хүрлээ. Украины хүчтэй дроны довтолгооны улмаас шатахууны гол нөөц агуулах, үйлдвэрүүдээ тэд бүрэн алдлаа. Энэ тохиолдолд ч нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж буй нь харин талархууштай.
Гэхдээ үнийг нь дахин эргэж харна аа гэдгээ мэдэгдсэн ажээ. Бидний урд хөрш БНХАУ-ын тухайд дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн дотооддоо амаргүй байгаа ч АИ-95 автобензин нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Зарах үнэ нь 5600 төгрөг гэж мэдэгдсэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд өчигдөр хэллээ. Гуравдагч хөрш БНСУ-ын тухайд өмнө авч байсан онгоцны түлшээ нэмэгдүүлж өгөхөө мэдэгдсэн сайн мэдээ дуулдаж байна. Наймдугаар сард Монгол Улс 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийчихсэн сайн мэдээтэй сууж байгаа ч үнэ дахиад өсөх нь ойлгомжтой сэдэв. Тэгэхээр иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах үүднээс гаалийн татварыг тэглэхээс өөр аргагүй байсныг дор бүрнээ ойлгоцгооё.
Хамгийн чухал нь үнийн өсөлтөөс илүү нөөцөө бүрдүүлэх, тун удахгүй Монголд болох олон улсын COP17 бага хурлын үеэр шатахууны очер, тасалдалгүй суух, ирэх намрын ургац хураалтын үеэр түлшний хомсдолгүй байх нь нэн тэргүүний ажил учраас гал унтраах гэхээс илүү галтай, дөлтэй, амаргүй шийдвэрийг цаг алдахгүй гаргасанд нь Засгийн газарт талархах учиртай биш үү. Жинхэнэ утгаараа амаргүй цаг үеийг ирэх өдрүүдэд ч бид хамтдаа л даван туулна. Тэр цаг бүхэнд сайдыг огцруулъя гэж хөөсөрдөг, нэг хэсгийн суртал ухуулга, улс төрийн хар хоронд хордож, хөөсрөх бус хамтдаа л амаргүй цаг үеэ давж, туулаад гарах нь бас үнэн.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.