dobu.mndobu

Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9% зээл

Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9% зээл

-ХОМСДЛЫН ЭСРЭГ “ВАКЦИН” БОЛОХ НӨӨЦИЙН САВЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОО ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭ САНГИЙН САЙД АМЛАЛАА-

“Шатахууны сав л ярилаа” гээд Ерөнхий сайдыг загнаад байна. Нөөц бүрдүүлэх тухай ярихаар л “нөөцлөх сав байхгүй” гээд гараа алдлаад сууж байсан өмнөх Засгийн газруудын алдааг засаж буй нь энэ. Шатахууны хомсдлын эрсдлээс чөлөөлөх гарах цор ганц “вакцин” болох нөөцийн савыг бэлтгэх зээлийн санхүүжилтийн арга хэмжээг Ерөнхий сайд, Сангийн сайд нар бодлогын арга хэмжээгээ УИХ-аар батлуулсан. ААН-үүдэд 9 хувийн хүүтэй зээл олгож, дотац эдлүүлснээр улсын хэмжээнд нөөцийн савтай болж эхэллээ. Зээл авсан ААН-үүд нөөцийн савыг хэрхэн бэлтгэж буйг үзэхээр очлоо. “Өнгөрсөн 30 жил” гэж эмороод яахав. Сүүлийн зургаан жилд засагласан Засгийн газарт “ингээд л хийчихгүй дээ” гэж иргэний хувьд гомдох сэтгэл төрдөг юм байна.

Газрын тос үйлдвэрлэдэг орнуудын хувьд түүхийгээр нь хадгалж нөөц бүрдүүлдэг. Манайх шиг үйлдвэргүй, гаднаас худалдаж авдаг улсын хувьд бэлэн бүтээгдэхүүн хадгалдаг. Автобензинийг 3-6 сар, дизель түлш л гэхэд ойролцоогоор 6-9 сарын хооронд дахин шинэчилж байхгүй бол тунадас үүсэж чанарт нөлөөлдөг. Олон улсад хэрэглээ болон хангамжийн найдвартай байдлаасаа хамаарч нөөц хадгалах хоног харилцан адилгүй байдаг. Олон улсын эрчим хүчний агентлагаас 100 хувь импортын хамааралтай улсад 60-90 хоногийн нөөц хадгалахыг зөвлөдөг.

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор шатахууны нөөцийг гамшгийн нөөц, улсын нөөц, компанийн нөөц гэсэн төрлүүдэд ангилдаг. Газрын тосны компаниудад сүүлийн жилүүдэд нөөцийн савны багтаамжаа өргөтгөх чадамжгүй байсан учраас улсын болон гамшгийн нөөцүүдийг хадгалах боломж бага байдаг. Төрөөс ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлээд байвал дээрх гурван төрлийн нөөцийг хуулийн дагуу болон хэрэгцээний хэрээр бариад байх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Ингээд нөөцийн сав барих их ажлын эхлэл болсон хоёр жишээг дурдаж, хаана очиж юу үзсэнээ өгүүлье.

-9% ДОТАЦ ЭДЭЛСНЭЭР ГУРВАН ЖИЛД БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН ТӨСЛӨӨ НЭГ ЖИЛД ДУУСГАЧИХЛАА-

Эхлээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн цаахна байдаг “Сан Петролиум” компанийн 16000 м.кубын багтаамжтай буюу 14.5 мянган тонн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай нөөцийн савыг үзлээ. “Сан Петролиум” ХХК нь 2019 онд байгуулагдсан, 1000 м.куб-ын хоёр савтай, 1500 м.куб-ын хоёр савыг түрээсээр ашигладаг байсан. 2000 м.куб-ын хоёр сав буюу 8000 м.куб-ын савыг 2025 онд барьж байгуулаад үлдсэн 8000 м.куб-ын савыг барихдаа Төрөөс баримталж буй бодлогын хүрээнд арилжааны банкнаас жилийн 9 хувийн хүүтэйгээр 10 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авсан. Анх гурван жилийн хугацаанд барина гэж төлөвлөсөн байсан. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар энэ сард дуусгаж ашиглалтад оруулчихна. Тэгэхээр эднийд хадгалсан 14.5 мянган тонн АИ-92 шатахуунаар Улаанбаатар хотын 13 хоногийн нөөцийг хадгалах боломж нэмэгдэж байгаа юм. Ийм маягаар 6 бүс, 22 байршилд нөөцийн сав байгуулж энэ ондоо багтаад улсын шатахуун хадгалах хүчин чадлыг 45 хоног болгож нэмэгдүүлнэ. Ирэх оны 8-р сар гэхэд 60 хоног болгож нэмэгдүүлнэ. Нийт 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож дотацийг төсөвт тусгаад явахаар болсон.

Тэгэхээр төр 100 хувь хөрөнгө оруулалт хийхгүйгээр, тухайн ААН-д дотац өгч нөөцийн саваа нэмэгдүүлээд явах бүрэн боломжтойг энэ жишээ харууллаа.

-МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ НӨӨЦИЙН САВТАЙ ТАНИЛЦЛАА-

Дараагийнх нь “Шунхлай” ХХК-ийн нөөцийн савны төсөл байлаа. СХД-ийн 21 дүгээр хороо, Салхит өртөөний орчимд байрлах энэхүү агуулах нь 2 км өргөн царигийн төмөр зам, 1.5 км шороон замаар нийтийн дэд бүтцийн сүлжээнд холбогдсон. Нийт 98 мянган метр.куб буюу Монголын хамгийн том агуулах юм байна. Зураг төслийг нь гаргахаас эхлээд аюулгүй, байгаль орчинд ээлтэй, технологийн найдвартай байдал гэхчлэн бүх талаар өндөр үзүүлэлттэй байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Тус бүр нь 14 мянган м.куб-ын багтаамжтай 7 ширхэг савтай, төмөр зам дээр буулгах хүчин чадал нь нэг удаад 40 вагон, хоногт 80-350 вагон буюу тонноор илэрхийлбэл 15-16 мянган тонн шатахуун хүлээж авах хүчин чадалтай. Авто ачихын хэсгээр ШТС-ууд руу хоногт 5000 тонныг ачиж хүргэх бүрэн боломжтой. Мөн төмөр замаасаа буцаагаад агуулахаас агуулахын хооронд нэг дор 20 вагонд, хоногтоо 100 вагонд ачих хүчин чадалтай гэж байгаа юм.

Аварга эд байна. Өргөн нь 36 метр, өндөр нь 14 метр. Багтаамж нэг сав нь 14 мянган куб.метр. Долоон ийм аварга сав бий гээд бодохоор нийт 100-аад мянган м.куб багтаамжтай нөөцийн савны газар барьж байна даа. Аваргынхаа хэрээр авсан зээлийнх нь хэмжээ ч аварга. Нийт 151.2 тэрбум төгрөгийг жилийн 9 хувийн хөнгөлөлттэй авч хариуцлагын гэрээ байгуулсан. Өмнөх төслийн нөөцийн савын нийт хэмжээ нь эдний нэг л саванд багтана гээд бод доо. Тун ч шинэлэг, инновацлаг, технологи сайтай юм. Наад зах нь Засгийн газраас хэрэгжүүлж буй нөөцийн хяналт, удирдлагын автоматжуулсан системд холбосноор тус агуулахын удирдлага хяналтын хэсгээс хүлээж авч байгаа вагоны тоо, хадгалж буй газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ, ачилтын тоо, төв компаниас ирсэн түгээлтийн захиалгыг харж болдог аж.

-НӨӨЦИЙН САВНУУДЫН “ЭХ БАРИГЧ” ЮУ ХЭЛЭВ-

Нөөцийн савнуудын “эх баригч” гэж хэлж болохуйц “MBI consalting” компанийн гүйцэтгэх захирал Д.Гансүхээс “Эднийх үнэхээр Монголын хамгийн том нөөцийн сав мөн үү” гэж лавлахад “Манай компани 2000 онд байгуулагдаад 26 дахь жилдээ ажиллаж байна. Боловсруулсан зураг төслийн тоо гэвэл 400 давна. Барьсан агуулах гэвэл 60-аад тооных бий. Улсын хэмжээнд 70 мянга орчим куб.метр сав сүүлийн 20 орчим жилд барьсан. Компани тус бүрийн нөөцийн багтаамж нууц байдаг. Одоогоор Монголд байгаа хамгийн том багтаамжтай нэг компанийн агуулахаас хоёр дахин том агуулахыг барьж байна даа” гэж бахархангуй хэлж байв.

Дээрх долоон саванд дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг агуулахаар зэхжээ. Үүнд гурав нь энгийн дизель түлш, нэг нь евро дизель түлш, хоёр энгийн 92, нэг евро шатахуун гэж төрөлжүүлж хадгалах зориулалттай сав юм. Нефтийн сав гэдэг өөрийн онцгой норм, дүрэмтэй, техникийн стандарттай. Газар зүйн байрлал хамгийн чухал байдаг аж.

Тухайлбал, Шунхлайгийн энэхүү нөөцийн агуулахын хувьд дээрх шаардлагуудад нийцсэн. Төмөр зам, авто замтай холбогдох байдал, тухайн талбайдаа аль болох их хэмжээний олон сав барихыг чухалчилж 70 мянган куб.метр барих газар дээр 98 мянган куб.метр багтаамжтай сав байршуулж чаджээ. Галын аюулаас бүрэн урьдчилан сэргийлж чадсан, газрын тосны бүтээгдэхүүн гоожиж нэвчихгүйгээр байгаль орчинд нөлөөлөх хор хөнөөлгүй байлгах, хүн ам, мал амьтны эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх талаасаа маш өндөр шаардлага тавигддаг. Тэр хэрээрээ хөрөнгө оруулалтын хэмжээ ихээр шаардагддаг.

Рашаантаас салбарласан төмөр замтай. ОХУ-аас вагон шууд нөөцийн сав руу ирнэ. Тэндээс цистернд ачаад хэрэгцээт газруудад хүргэнэ. Багахангайн салбар төмөр зам одоо л хэрэг болох нь. Газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт аюултай ачаанд тооцогддог учраас хүн ам олноор суурьшдаг хот суурин газарт гол төмөр замаар тээвэрлэхээс боломжтой бол татгалзмаар л байгаа юм. Тиймээс Рашаант, Багахангайд хүргээд аймгуудаас ирээд заавал хотын төв рүү орохгүй шатахуунаа аваад буцах боломж бүрдэж байна.

-НӨӨЦИЙН САВ БАРИХАД УЧИР БИЙ-

Эдгээр агуулахыг хараад ААН-үүд есөн хувийн хүүтэй зээл аваад, төрөөс өгөх дотацийг ашиглаад хэн хүнгүй л шатахууны нөөцийн сав барьдаг болох тухай бодож болох юм. Гэвч нөөцийн сав барихад учир бий. Зээл авч чадсан нь бариад байна гэсэн үг биш. Агуулах шинээр барих, эсвэл өргөтгөх гэхээр тохиромжтой газар байршил ховор гэдгийг нарийн мэргэжлийн зөвлөх инженерүүд маань хэлж байна. Дэд бүтэц барьсан, төвийн хэрэглээндээ ойр байх нь чухал. Тиймээс агуулахын төлөвлөлт, техник технологио сайжруулж, олон улсын шилдэг стандарт нормыг хэрэгжүүлж чадвал ААН-үүд боломжийн сайн зураг төслөөр, аюулгүй, ашигтай төлөвлөж,  нөөцийн сав барих бизнест хөл тавих боломжтой юм байна гэж харагдлаа.

Зөвхөн нөөцийн сав л үзэх, үзсэнээ бичих гэж явсан болохоор улс төрийн шинжтэй зарим асуудлыг энэ удаад хойш тавья. Тодруулбал, шатахууны үнийг хэзээ чөлөөлөх, яагаад өнөөдөр чөлөөлж болохгүй байгаа тухайд энэхүү зээлийг олгосноор улс орны төсөв санхүүд юу өөрчлөгдөх, ямар зорилт тавьж хэрхэн үр дүнд хүрэх тухай дэлгэрэнгүй өгүүлнэ. Мөн өмнөх Засгийн газрууд яагаад нөөцийн сав байгуулах талаар ажиллаагүй талаар гол гогдсон шүүмжлэлүүд төрж буй хэдий ч эхлээд өчигдрийг биш өнөөдрийн, маргаашийн тухай бичих нь оновчтой болов уу. Тэр тусмаа маргааш Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрээ нүдээр харж, гараар барьж, та бүхэндээ үргэлжлүүлэн хүргэе.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.