0

Индонезийн Флорес арлын орчимд өнөөдөр /2026.08.15/ өглөө 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, барилга байгууламжууд нурж, олон мянган хүн аюулгүй газар руу нүүлгэн шилжжээ. Газар хөдлөлтийн улмаас 20 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирлын хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаагийн давтамжтай чичирхийлэл бүртгэгдэж, олон барилга байгууламж нурсан байна. Эрүүл мэндийн байгууллага, сургууль, төрийн байгууллага болон 50 гаруй айлын орон сууц нурсан талаар мэдээлжээ. Зарим бүсэд хөрсний гулгалт үүссэнээр сүлжээ харилцаа тасалдаж, аврах ажиллагаанд хүндрэл учирч байна.
Газар хөдлөлтийн дараа цунами үүсэх эрсдэлтэй гэж үзэн сэрэмжлүүлэг зарласан боловч хэдэн цагийн дараа цуцалжээ. BMKG-ийн мэдээлснээр Мауроле-Энде орчимд 0.94 метр хүртэл өндөр давалгаа бүртгэгдсэн байна.
Нагекео мужид ойролцоогоор 2,000 оршин суугчийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ. Олон хүн далайн эрэг болон нам дор газраас гарч, өндөрлөг газар руу дүрвэсэн байна.
Аврах багийнхан нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж байгаа бөгөөд газар нутгийн онцлогоос шалтгаалан зарим бүсэд хүрч ажиллахад хүндрэлтэй байгаа аж. Нисдэг тэрэг болон онцгой байдлын багийг гамшгийн бүсэд ажиллуулаад байна.
Индонез улс Номхон далайн “Галын цагираг”-ийн бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын идэвхжил ихтэй орны нэг юм. Флорес аралд хоёр сая орчим хүн амьдардаг бөгөөд газар хөдлөлтийн эрсдэл өндөр бүсэд багтдаг.
Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон хүний амь насны хохирлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.