0

Гал түймрийн үед хүний амь насыг аврах зориулалттай ухаалаг утасны бариулыг 12 настай Ким Жи-он зохион бүтээж, Өмнөд Солонгосын Залуу зохион бүтээгчдийн наадмын тэргүүн шагналыг хүртжээ.
Тус наадам долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Ким Жи-оны бүтээл Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн байна. Тэрбээр Өмнөд Кёнсан мужийн Гөже хотын бага сургуулийн сурагч бөгөөд ахлах, дунд ангийн сурагчдын бүтээлүүдтэй өрсөлдөн энэхүү шагналыг хүртжээ.
Ким Жи-он энэхүү бүтээлийг хоёр жилийн өмнө Бүчон хотын нэгэн зочид буудалд гарсан гал түймрийн тухай мэдээ үзсэнийхээ дараа санаачилсан байна. Тус галын үеэр долоон хүн амиа алдсан бөгөөд зарим хүн аврагчид ирэхийг хүлээн байхдаа гэр бүлийнхэн рүүгээ сүүлчийн удаа утсаар ярьсан тухай мэдээг сонсоод “гал гарах үед хүмүүсийг илүү удаан тэсэж, амьд гарахад нь юу туслах бол” гэж боджээ.
Улмаар сургуулийнхаа гал унтраах ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр галын үед дөлөөс илүүтэй утаа болон хорт хий хүнийг богино хугацаанд ухаан алдуулах аюултай талаар мэдэж авсан бөгөөд өдөр тутамдаа байнга авч явдаг, тэр дундаа унтахдаа ч хажуудаа тавьдаг гар утсанд хамгаалалтын хэрэгслийг суурилуулах санаа төржээ.
Ким Жи-он багш нартайгаа хамтран ажиллаж, хорт хийг шингээх идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн ширхэгт материал, нарийн ширхэгт тоосонцрыг шүүх нэхмэл бус шүүлтүүр бүхий утасны бариул бүтээсэн байна. Төхөөрөмжийг дэлгэж, галын үед хамар, амны хэсэгт байрлуулан ашиглах боломжтой аж.
Тэрбээр бүтээлийнхээ талаар “Хүмүүс үргэлж биедээ авч явдаг, тэр дундаа унтахдаа ч хажуудаа байлгадаг ухаалаг утсанд хамгаалалтын хэрэгслийг холбож өгвөл ослын үед илүү олон хүн аюулгүй гарч чадна гэж бодсон” хэмээн ярьжээ.
Ким Жи-оны хэлснээр энэхүү төхөөрөмж нь мэргэжлийн хийн багтай адил удаан хугацаанд хамгаалахгүй ч гал түймрээс зугтаж гарахад шаардлагатай эхний нэгээс хоёр минутыг хожиход тусална гэж үзэж байгаа аж.
Түүний бүтээл тэргүүн байр эзэлж, 3 сая воны мөнгөн шагнал хүртсэн байна. Харин Ким Жи-он шагналын мөнгөө хөгжиж буй орнуудын иргэдэд туслах үйлсэд хандивлахаар төлөвлөжээ.
Түүний суралцдаг Чилчон бага сургууль нь Гөже хотын Чилчондо аралд байрладаг, нийт зургаан ангид ердөө 20 сурагч, 10 багштай жижиг сургууль аж. Гэсэн ч тус сургуулийн дөрвөн сурагч 2026 оны Залуу зохион бүтээгчдийн наадмаас шагнал хүртэж, алт, мөнгө, хүрэл медаль болон Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн байна.
1988 онд анх зохион байгуулагдсан тус наадам нь өнөөдөр Өмнөд Солонгосын залуу зохион бүтээгчдийн хамгийн том арга хэмжээний нэг болжээ. Энэ жилийн наадамд нийт 6,959 бүтээл бүртгүүлснээс 183 бүтээл шагнал хүртсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.