dobu.mndobu

Европт ган гачиг нүүрлэж, гол нуурын ус түүхэн доод түвшинд хүрчээ

Европт ган гачиг нүүрлэж, гол нуурын ус түүхэн доод түвшинд хүрчээ

Европын хэд хэдэн оронд наймдугаар сарын ган гачиг эрчимжиж, гол мөрөн, нуурын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч байна. Ус татарсны улмаас усан онгоц зорчих боломж хумигдаж, нуур, голын өмнө нь усанд дарагдсан хэсгүүд ил гарчээ.

Италийн Мажоре нуурын усны түвшин далайн түвшнээс дээш 192.19 метрт хүрч, 1976 онд бүртгэгдэж байсан түүхэн доод үзүүлэлттэй адил түвшинд очжээ. Ус татарсны улмаас нуурын эрэг болон ёроолын өргөн уудам хэсэг ил гарсан байна.

Усны хомсдлыг бууруулахын тулд Швейцарийн Засгийн газар Лугано нуураас ус гарган, Италийн По мөрний хөндийн хөдөө аж ахуйд шаардлагатай усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.

Гэвч Швейцарь өөрөө ч халалтын давалгаа болон хур тунадасны хомсдолд нэрвэгдэж байна. Констанц нуурын Доод нуур буюу Унтерзее хэсгийн ус татарснаар завинууд эрэг дээр гацаж, зарим усан зогсоолын хөвөгч тавцан хүртэл газарт тулжээ.

Чех улсад Влтава-Молдау голын усны түвшин бараг 65 жилийн өмнө бүртгэгдэж байсан доод үзүүлэлттэй ойролцоо хэмжээнд хүрсэн байна. Орлик усан сангийн эрэг дээр ус татарсны улмаас завь хүртэл хуурай газарт гарчээ.

Харин Сербийн Сава мөрний ус татарснаар Дэлхийн II дайны үеэр живсэн “Slovenac” нэртэй усан онгоц дахин ил гарсан байна. 1913 онд үйлдвэрлэгдсэн уг усан онгоц нь уурын хөдөлгүүртэй сэлүүрт чирэгч байсан бөгөөд дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд Германы минд өртөн живжээ. Тухайн үед хангамжийн бараа болон шархадсан цэргүүдийг тээвэрлэж явсан аж.

Түүнээс хойш “Slovenac” нь усны түвшин онцгой хэмжээнд буурах бүрд дахин ил гардаг нутгийн онцгой дурсгал болжээ.

Нидерландад ч мөн адил 1895 онд живсэн “De Hoop” хөлөг онгоцны сэг Рейн мөрний ус татарснаар дахин харагдсан байна. Толкамер болон Спейк хотын хооронд орших хэсэгт усны түвшин буурснаар онгоцны үлдэгдэл хуурай газарт ил гарчээ.

Ган гачиг аялал жуулчлалд ч нөлөөлж байна. Рейн мөрний Миллинген-ан-де-Рейн болон Паннерден орчмын хэсэгт усны түвшин хэт багассаны улмаас явган зорчигч тээвэрлэдэг гатлага онгоцны үйл ажиллагааг зогсоожээ.

Мөн Германы Дюссельдорф, Дуйсбург хотуудын орчимд Рейн мөрний ус татарч, өргөн хэмжээний элсэн эрэг ил гарсан нь тухайн бүс нутагт усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрснийг харуулж байна.

Европын олон бүс нутагт ийнхүү усны нөөц хомсдож байгаа нь хэт халалт, хур тунадасны дутагдал, удаан үргэлжилсэн ган гачгийн нөлөө улам хүчтэй болж байгааг харуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.