0

“Game of Thrones” цувралын Жон Сноугийн дүрээрээ дэлхий дахинд танигдсан Английн жүжигчин Кит Харингтон HBO-ийн шинээр бүтээж буй “Harry Potter” телевизийн цувралд тоглохоор болжээ.
Тэрбээр “Harry Potter” ертөнцийн нэр алдартай шидтэн, Хогвартсын харанхуй урлагаас хамгаалах хичээлийн багш Гилдерой Локхартын дүрийг бүтээх юм. HBO уг мэдээллийг баталжээ.
Харингтон уг дүрд өмнө нь сонгогдсон жүжигчин Николас Холтыг орлох аж. Холт цувралын хоёрдугаар улирлын зураг авалт өөр төслүүдийн хуваарьтай давхардсаны улмаас дүрээс гарахаар болсон байна.
Шинэ цувралын эхний улирал Ж.К.Роулингийн “Harry Potter and the Philosopher’s Stone” номын үйл явдлыг өгүүлэх бөгөөд энэ оны Зул сарын баяраар HBO Max платформоор нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Харин хоёрдугаар улирал нь цувралын хоёр дахь ном болох “Harry Potter and the Chamber of Secrets”-ийн үйл явдлыг дэлгэцнээ буулгах юм. Энэ хэсэгт Харри Поттер Хогвартст суралцах хоёр дахь жилээ эхлүүлж, Гилдерой Локхарт шинэ багшаар тус сургуульд ирдэг.
Шинэ цувралд Харри Поттерын дүрд Доминик Маклафлин, Рон Уизлигийн дүрд Аластэр Стоут, Гермиона Грэйнжерийн дүрд Арабелла Стэнтон нар тоглож байна. Мөн Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин Жон Литгоу Хогвартсын захирал Альбус Дамблдорын дүрд, Ник Фрост Рубеус Хагридын дүрд тоглох юм.
Кит Харингтон уг дүрд өмнө нь тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн нэгэн. Тэрбээр өнгөрсөн онд “Harry Potter: The Full-Cast Audio Editions” аудио бүтээлд Гилдерой Локхартын дүрд дуу оруулж байжээ.
Гилдерой Локхарт нь “Harry Potter and the Chamber of Secrets” номын гол дүрүүдийн нэг бөгөөд өөрийгөө харанхуй хүчний эсрэг тэмцсэн алдартай шидтэн хэмээн сурталчилдаг, өөртөө хэт итгэлтэй багшийн дүр юм. Уг дүрийг өмнө нь “Harry Potter” кинонуудад жүжигчин Кеннет Брана бүтээж байсан.
Кит Харингтоны хувьд энэ нь HBO-той хамтран ажиллаж буй гурав дахь төсөл болж байна. Тэрбээр “Game of Thrones” болон “Industry” цувралд тус тус тоглож байжээ.
HBO-ийн шинэ “Harry Potter” цуврал нь Ж.К.Роулингийн долоон номын үйл явдлыг олон улирлаар дэлгэрүүлэн харуулах бөгөөд бүтээл бүрэн хэрэгжихэд ойролцоогоор 10 жил шаардагдана гэж мэдээлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.