0

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар Монгол Улсын иргэдийн интернэт банкны мэдээллийг хууль бусаар олж авч, дансан дахь мөнгийг нь шилжүүлэн авдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.
Уг бүлэгт гадаадын нэг, Монгол Улсын дөрвөн иргэн багтсан бөгөөд тэднийг нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд байхад нь саатуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааг тус дүүргийн Прокурорын газрын хяналт дор явуулжээ.
Баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүдийн бие болон орон байрнаас фишинг халдлагад ашиглаж байсан төхөөрөмж, эд зүйлсийг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Тэд хортой фишинг сайт ажиллуулж, иргэдийн гар утсанд “Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал”, “Арилжааны банкнаас судалгаа авч байна” гэх мэт хуурамч мэдээлэл бүхий зар, холбоосыг цахим орчноор түгээдэг байжээ.
Иргэд уг холбоосоор нэвтрэх үед фишинг сайт нь тэдний цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хуулж авдаг байсан байна. Улмаар олж авсан мэдээллээр иргэдийн интернэт банканд нэвтэрч, дансан дахь мөнгийг нь өөр данс руу шилжүүлэн авч байжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, дээрх этгээдүүд нь гадаадын гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсан аж. Тус бүлэглэлээс Монгол Улсад ажиллаж байсан этгээдүүдэд фишинг халдлага үйлдэх арга, зааварчилгаа өгдөг байжээ.
Мөн Монгол Улсын иргэдийг гадаад улс руу аялуулж, улмаар гэмт хэргийн бүлэглэлдээ элсүүлдэг байсан бөгөөд гадаадад суралцдаг монгол оюутнуудыг бэлэн мөнгө, эд зүйлээр урамшуулан татан оролцуулдаг байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1.2 дугаар зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах”, мөн 17.1.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг банк, төрийн байгууллага болон бусад байгууллагын нэрийг ашигласан сэжигтэй холбоос, урамшууллын зар, судалгааны мэдээлэлд болгоомжтой хандаж, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.