0

MEC судалгааны байгууллагаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчдийн нэрсийг гаргаж, иргэдийн судалгаа явуулжээ.
Тодруулбал, МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарыг, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Баярцогт нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хэмээн үзжээ. Улмаар наймдугаар сарын 14-20-ны хооронд сонгуулийн насны 960 иргэнээс утсаар холбогдон санал авсан байна.
Ийн үзэхэд, Ерөнхий сайд асан Г.Занданшатар иргэдээс хамгийн өндөр дэмжлэг авч, тэргүүлжээ.
Энэ талаар MEC судалгааны байгууллагын захирал Л.Золбаатар "Энэ оны хоёрдугаар сараас хойш хоёр сар тутамд нэг удаа Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршиг суудаг 1000 орчим хүн рүү утсаар холбогдон санамсаргүй түүврийн аргаар мэдээлэл цуглуулсан. Судалгаанд оруулсан улстөрчдийн нэрийг аль нэг нам хэлээгүй, бид өөрсдөө боломжит хүмүүсийн нэрийг гаргасан юм. Ерөнхийлөгчид нэр дэвших хүний хамгийн гол шалгуур нь 50-аас дээш настай байх ёстой. Ингээд судалгаа явуулахад хамгийн өндөр дэмжлэгтэй нь Г.Занданшатар байна. Түүний хувьд 40 орчим хувийн дэмжлэг авсан. Г.Занданшатар тухайд, улс төрчийн дүр төрхтэй, намчирхаад байдаггүй. Мөн оюуны спортын нэг болох шатар тоглодог. Аливаад шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг.
Дараагийнх нь С.Бямбацогт. Түүний хувьд 14 орчим хувийн дэмжлэгтэй байна. УИХ-ын дарга болох үедээ тэр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй" гэж хэлсэн. Гэхдээ намаас нь даалгавар өгвөл дэвшиж л таарна. С.Бямбацогт сүүлийн саруудад нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. МАН дотроос хамгийн өндөр дэмжлэгтэй нь энэ хоёр байна. Харин Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар 10 орчим хувийн дэмжлэг авсан.
АН-ынхнаас Н.Алтанхуяг нэлээд өндөр буюу 33 орчим хувийн дэмжлэгтэй байгаа. Түүний хувьд буурь суурьтай, өөрийн байр сууриа тодорхой илэрхийлдэг, иргэдэд ойлгогдох хэлээр ярьж чаддаг. "Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших гэж үзнэ" гэдгээ тэр өнгөрөгч хавар хэлсэн.
Б.Пүрэвдоржийн тухайд 17 орчим хувьтай, Л.Гантөмөр 15 орчим, С.Баярцогт 9 орчим хувийн дэмжлэгтэй байна" хэмээн хэллээ.




Дэлгэрэнгүй үзэх:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.