dobu.mndobu

Токиогийн загварын долоо хоногийн тайзнаа Монгол гэр сүндэрлэжээ

Токиогийн загварын долоо хоногийн тайзнаа Монгол гэр сүндэрлэжээ

Японы Rakuten Fashion Week TOKYO-ийн 2027 оны хавар/зуны улирлын загварын шоуны эхний өдрийг Японы дизайнер Күбо Ёшиокүбогийн “yoshiokubo” брэнд нээж, үзэгчдийг өвөрмөц шийдлээрээ гайхшруулжээ.

Тус шоуны танхимд орсон үзэгчдийн анхаарлыг хамгийн түрүүнд татсан зүйл нь тайзны төвд байрлуулсан Монгол гэр байв.

Монголын нүүдэлчин ард түмний уламжлалт гэрийг Токиогийн загварын шоуны танхимд тусгайлан барьсан нь дизайнерын энэ улирлын “Natural Born Nomads” буюу “Төрөлхийн нүүдэлчид” хэмээх концепцтой холбоотой аж.

Дизайнер Күбо Ёшиокүбо энэхүү коллекцын санааг Лос-Анжелесийн далайн эргээр гүйж буй нэгэн залууг ажиглах үеэр олсон байна. Түүний ямар ч саадгүй, эрх чөлөөтэй гүйж буй дүр төрх нь дизайнерт нүүдэлчний чөлөөт сэтгэлгээг мэдрүүлжээ.

Энэ санаагаа илэрхийлэхдээ тэрээр Монголын нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийг загварын тайзны гол хэсэг болгосон байна.

Шоуны үеэр хөнгөн, сул унасан материал, нарийн эсгүүр бүхий орчин үеийн загваруудыг танилцуулж, олсон уяа, тогтоогч зэрэг деталь ашиглан нүүдэлчин ахуй, эрх чөлөөний үзэл санааг загварт шингээжээ.

Харин шоуны төгсгөлд тайзны цагаан шал хар гэрлийн дор гэрэлтэж, флюресцент өнгөөр тодорсон хөлийн мөрүүд цасан тал дундуур гүйсэн мэт харагдсан нь нүүдэлчин, эрх чөлөөт сэтгэлгээний бэлгэдлийг улам тодотгосон байна.

Ийнхүү дэлхийн загварын салбарын анхаарлыг татдаг Токиогийн загварын долоо хоногийн тайзнаа Монгол гэр нүүдэлчний соёл, эрх чөлөөний бэлгэдэл болон орчин үеийн загвартай хослон харагджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.