0

АНУ-ын эмч нар генийн өөрчлөлттэй гахайнаас шилжүүлэн суулгасан бөөр хүний биед 271 хоногийн буюу 9 сарын турш хэвийн ажилласан нь одоогоор хамгийн удаан хугацаанд амжилттай ажилласан тохиолдол болсныг мэдээллээ.
Уг бөөрийг 66 настай Тим Эндрюст 2025 оны нэгдүгээр сарын 25-нд шилжүүлэн суулгасан байна. Тэрбээр хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний улмаас бөөрний үйл ажиллагаа эцсийн шатандаа хүрч, тогтмол диализийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байжээ.
Эндрюсийн хэлснээр гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан нь түүнд “найдвар” өгч, цусыг диализийн аппаратаар шүүхийн тулд эмнэлэгт тогтмол очих хэдэн сарын хугацааг хэмнэсэн байна.
Массачусетсийн Нэгдсэн эмнэлэг болон Mass General Brigham-ийн эмч, судлаачдын багийн мэдээлснээр шилжүүлэн суулгасан бөөр шууд ажиллаж эхэлсэн бөгөөд нийт 271 хоногийн турш үйл ажиллагаагаа хадгалжээ. Гэвч 2025 оны аравдугаар сард бөөрний судас гэмтэж, эрхтэн үрэвсэн улмаар үйл ажиллагаа нь муудсан тул авах шаардлагатай болсон байна.
Үүний дараа Эндрюс 82 хоногийн турш диализийн эмчилгээ хийлгэж, энэ оны нэгдүгээр сард хүний донороос бөөр шилжүүлэн суулгуулжээ. Шинэ бөөр нь одоогоор хэвийн ажиллаж байгаа аж.
Эмч нарын мэдээлснээр гахайн бөөрийг хүний биед тохируулахын тулд генийн 69 өөрчлөлт хийсэн Юкатан үүлдрийн жижиг гахайнаас авсан байна. Эдгээр өөрчлөлт нь хүний дархлааны систем гахайн эдийг гаднын биет хэмээн таньж, хүчтэй эсэргүүцэхээс сэргийлэх, мөн гахайн ДНХ-д агуулагдах вирусээс үүдэх халдварын эрсдэлийг бууруулах зорилготой аж.
Гахайг хүний эрхтэн шилжүүлэн суулгах судалгаанд тохиромжтой амьтан гэж үздэг. Учир нь тэдний эрхтэн хүнийхтэй ойролцоо хэмжээтэй бөгөөд үржүүлэг, судалгааны чиглэлээр олон жилийн туршлагатай юм.
Эрхтэн шилжүүлэн суулгах донорын хомсдол дэлхий дахинд тулгамдсан асуудал хэвээр байна. АНУ-д бөөр шилжүүлэн суулгуулахаар ойролцоогоор 100 мянган хүн хүлээж байгаа боловч жилд ердөө 25 мянга орчим бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байна. Харин Их Британид 7,000 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээлгийн жагсаалтад байгаа аж.
Эндрюс эмч нараас бөөр шилжүүлэн суулгуулах хүртэл долоон жил хүртэл хүлээх боломжтой гэж сонссон ч диализийн эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн дундаж наслалт ойролцоогоор таван жил байдаг тул хугацааны хувьд санаа зовж байжээ.
Массачусетсийн Нэгдсэн эмнэлгийн Шилжүүлэн суулгах шинжлэх ухааны төвийн доктор Леонардо Риелла эрхтний донорын хомсдолыг “хямрал” хэмээн тодорхойлоод, ксенотрансплантаци буюу амьтны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах арга нь доноргүй өвчтөнүүдэд диализийг алгасаж, хүний донорын эрхтэн олдох хүртэлх хугацаанд амьдралын боломж олгох ирээдүйтэй хувилбар байж болохыг онцолжээ.
Гэсэн хэдий ч энэ арга одоогоор шийдвэрлэх шаардлагатай олон асуудалтай хэвээр байна. Эндрюсийн биед шилжүүлэн суулгасан бөөр эхний үед дархлааны системд эсэргүүцэгдэж буй шинж тэмдэг илэрсэн ч эмийн эмчилгээг өөрчилснөөр хяналтдаа авчээ. Харин зургаан сарын дараа бөөрний судас гэмтэж, үрэвсэл үүссэн бөгөөд улмаар эрхтэн үйл ажиллагаагаа алдаж эхэлсэн байна. Үүний яг тодорхой шалтгаан одоогоор тогтоогдоогүй бөгөөд гахайн бөөрийг эсрэгбие довтолсон шинж тэмдэг илрээгүй байна.
Эмч нар “Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа энэхүү тохиолдол нь хүний бөөр шилжүүлэн суулгах ксенотрансплантацийн боломжийг харуулсан ч цаашид шийдвэрлэх шаардлагатай сорилтууд байгааг мөн нотолж байна гэж дүгнэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.