0

Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани 50 мянган ажлын байрыг цомхотгож, үйлдвэрлэж буй автомашины загварынхаа тоог хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.
Тус компани Европын зах зээлд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж, АНУ-д нийлүүлж буй автомашинуудад ногдуулах тарифын зардал өссөн зэрэг олон улсын зах зээлийн дарамттай тулгараад байна.
Volkswagen Group-ийн мэдээлснээр Германд байрлах үйлдвэрүүд жилд ойролцоогоор 500 мянган автомашин үйлдвэрлэх илүүдэл хүчин чадалтай байгаа аж. Гэхдээ хэдэн ажлын байрыг аль үйлдвэрүүдэд цомхотгох, ямар үйлдвэрүүдийг хаах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Volkswagen Group нь Volkswagen брэндээс гадна Audi, Porsche, Lamborghini зэрэг автомашины брэндийг эзэмшдэг.
Тус компани сүүлийн хэдэн жилийн турш ажиллах хүчний зардлаа бууруулах, хүчирхэг үйлдвэрчний эвлэлүүдтэй тохиролцох асуудалтай тулгарч ирсэн. Компанийн санхүүгийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар Германд ажиллаж буй ажилтнуудын тоо 2023 онд 275 мянга байсан бол 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 254 мянга болж буурчээ.
Загварын тоог цөөлөхийн зэрэгцээ автомашины тоноглол, хувилбарын сонголтыг мөн багасгах юм байна. Volkswagen автомашины үйлдвэрлэлийн “нарийн төвөгтэй байдлыг” 75 хувиар бууруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр цөөн тооны загварт үйлдвэрлэлээ төвлөрүүлж, нэг загварын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн цар хүрээний үр ашгийг дээшлүүлэх зорилготой аж.
Доод Саксони мужийн Ерөнхий сайд Олаф Лис Volkswagen болон Германы автомашины үйлдвэрлэлийн өмнө олон улсын өрсөлдөөний улмаас “асар их сорилт” тулгарч байгааг онцолжээ. Тус муж нь Volkswagen AG-ийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч юм.
Үүнээс гадна АНУ-ын импортын тариф Volkswagen-д их хэмжээний зардал үүсгэж байна. Компанийн тооцоолсноор энэ жилийн тарифын зардал ойролцоогоор 4.7-5.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Volkswagen АНУ дахь үйлдвэрүүддээ жилд 200 мянга орчим автомашин үйлдвэрлэдэг ч Европоос 240 мянга орчим автомашиныг 15 хувийн тарифтайгаар, Мексикээс 287 мянга орчим автомашиныг 27.5 хувийн тарифтайгаар импортолдог байна.
Цахилгаан автомашины зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан Volkswagen Group-ийн төлөвлөгөөнд ч өөрчлөлт оржээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цахилгаан автомашины салбарын дэмжлэгийг бууруулсантай холбоотойгоор тус компани АНУ-ын зах зээлд зориулсан ID.4 цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дөрөвдүгээр сард зогсоосон байна.
Харин Европын зах зээлд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн цахилгаан загварын борлуулалт нэмэгдэж байгаа нь Volkswagen-ийн цахилгаан автомашины стратегид мөн дарамт болж байна.
Ийнхүү дэлхийн автомашины зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэж, үйлдвэрлэлийн зардал болон тарифын дарамт өссөнөөр Volkswagen Group зардлаа бууруулах, үйлдвэрлэлийн бүтцээ хялбаршуулах томоохон өөрчлөлтийг эхлүүлэхээр болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.