0

“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй сургалт, өдөрлөг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо эхэллээ. Тус арга хэмжээ нь эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг орон нутгийн иргэдэд нээлттэй хүргэхэд чиглэж байна.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Архангай аймгийн иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газар болон Батлан хамгаалах салбарын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Архангай аймагт эрэлт хэрэгцээтэй боловч нөхөгдөөгүй 40 орчим төрийн албан хаагчийн ажлын байр байгааг онцолж, орон нутагт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг цэргийн дүйцүүлэх албаны зохицуулалттай уялдуулан шийдвэрлэх боломжтойг дурдлаа.
Тухайлбал, алслагдсан бүс нутагт эрэлт хэрэгцээ өндөртэй эмч, багш зэрэг мэргэжлээр гурван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд цэргийн алба хаасанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг бий болгох чиглэлээр холбогдох хууль, журмын өөрчлөлтийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Энэхүү зохицуулалт хэрэгжсэнээр алслагдсан бүс нутагт дутагдалтай байгаа мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, залуусын мэргэжил, ур чадварыг орон нутгийн бодит хэрэгцээтэй уялдуулах, цэргийн албаны үүргээ нийгэмд хэрэгцээтэй хөдөлмөрөөр дүйцүүлэн биелүүлэх боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Өдөрлөгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа бол Батлан хамгаалахын Төв архив архивын үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг газар дээр нь хүргэж байна.
Мөн Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгслийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн танилцуулж, иргэд, хүүхэд залуучуудад Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай ойроос танилцах боломж бүрдүүлж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид тоглолтоо толилуулах юм.
Тус сургалт, өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Батлан хамгаалах яамны удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын орон нутаг дахь удирдлага, алба хаагчид, Архангай аймгийн иргэдийн төлөөлөл оролцов.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг нь төрийн бодлого, шийдвэрийг иргэдэд ойртуулж, орон нутгийн бодит хэрэгцээ, санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг нэг дороос хүргэж байгаагаараа онцлог болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.