dobu.mndobu

Л.Энх-Амгалан: Сурагчдын гэрийн даалгаврыг хэмжээнд нь байлгана

Л.Энх-Амгалан: Сурагчдын гэрийн даалгаврыг хэмжээнд нь байлгана

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт зарим шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлж байна. Үүний нэг нь сурагчдад өгөх гэрийн даалгаврын ачааллыг нас, хөгжлийн онцлогт нь нийцүүлэн зохистой хэмжээнд хүргэх зохицуулалт юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлснээр хүүхэд өдрийн ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлдэг учраас хичээлээс гадуурх цагаа амрах, гэр бүлтэйгээ хамт байх, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах боломжтой байх нь чухал аж.

Тэрбээр “Ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлсэн хүүхэд гэртээ амарч, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагтай байх чухал. Тиймээс энэ жилээс гэрийн даалгаврыг хэмжээнд нь байлгана” хэмээн онцолсон байна.

Гэрийн даалгавар нь сургууль дээр эзэмшсэн мэдлэг, чадвараа бататгах, гүнзгийрүүлэхийн зэрэгцээ бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд чиглэх ёстой. Харин хэт их ачаалалтай, хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохироогүй гэрийн даалгавар нь сурагчдад нэмэлт дарамт үүсгэж, сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байгааг салбарын зүгээс онцолж байна.

Иймээс сургалтын зорилго, хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин болон нэг өдөрт өгөх даалгаврыг гүйцэтгэх дээд хугацааг сурагчдын анги, насны онцлогт тохируулан ялгаатай тогтоох чиглэлийг баталжээ.

Энэ хүрээнд Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар гэрийн даалгаврыг зохистой хэмжээнд байлгах, сурагчдын нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх чиглэлийг баталсан байна.

Ингэснээр гэрийн даалгаврын тоо хэмжээнд бус, сургалтын зорилго, хүүхдэд өгөх бодит үр дүнд анхаарч, сурагчдын хичээлийн ачааллыг зохистой түвшинд хүргэхийг зорьж байгаа юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан үүнийг дэлхийн боловсролын чиг хандлагатай нийцсэн шинэчлэл хэмээн тодотгож, хүүхдэд хэт их ачаалал өгөхөөс илүү үр дүнтэй, зорилтот даалгавраар дамжуулан бие даан суралцах чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч буйг онцоллоо.

May be an illustration of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.