0

БНСУ-ЫН ВИЗИЙН ХАРИУГ 14 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЯАРАЛТАЙ СУДЛАН АРГА ХЭМЖЭЭ АВНА
Монгол Улсын Их Хурлын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн Дэд дарга Нам Ин Сүн, БНСУ-ын Ардчилсан намын дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ким Мин Сог, Үндэсний Ассамблейн гишүүн Со Ён Сок, Ким Жүн Хёг нартай уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол иргэдэд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар БНСУ-д оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг онцгойлон хөндсөн байна.
Тухайлбал:
- БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах Монгол Улсын оюутан, залуусын тоог нэмэгдүүлж, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
- БНСУ-д хууль бус статустай байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох
- Монгол Улсын иргэдээс гаргаж буй БНСУ-ын визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацааг одоо мөрдөж буй 30 хоногоос богиносгож, 14 хоногийн дотор шийдвэрлэх боломжийг судалж, холбогдох арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ.
- Мөн визийн шийдвэр гартал иргэдийн гадаад паспортыг удаан хугацаагаар хураан авч буй практикийг шинэчилж, иргэдийн зорчих эрх болон цаг хугацааны хэрэгцээг харгалзсан зохицуулалт бий болгохоор боллоо.
Эдгээр асуудал нь зөвхөн виз, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хязгаарлагдахгүй. Хоёр орны иргэдийн бизнес, аялал жуулчлал, боловсрол, гэр бүл, хүмүүнлэгийн харилцаанд шууд нөлөөлдөг чухал асуудал юм.
Тиймээс парламент хоорондын хамтын ажиллагааг зөвхөн хууль тогтоох байгууллагуудын харилцаагаар хязгаарлах бус, Монгол, БНСУ-ын иргэдийн өдөр тутмын амьдралд бодит үр дүн авч ирэх түвшинд хөгжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.