0

Гэрээсээ гарч явсан өндөр настныг ар гэрийнхэн нь эрэн хайж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчиж болзошгүй талаарх мэдээлэл Нийтийн тээврийн бодлогын газарт /НТБГ/ иржээ.
Мэдээллийн дагуу НТБГ-ын Удирдлагын төвөөс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн камерын хяналтын системийг ашиглан өндөр настныг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна.
Улмаар өндөр настан “Сутайн буянт” ХХК-ийн үйлчилгээнд явж буй автобусанд сууж, бууж зорчиж байгаа нь камерын хяналтаар тогтоогджээ. Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай хүргүүлснээр өндөр настныг богино хугацаанд олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн нийтийн тээврийн бүх автобус жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах иж бүрэн камерын хяналтын системтэй болсон. Ингэснээр иргэдийн гээгдүүлсэн эд зүйлсийг эрэн олох, орхисон эд зүйлсийг буцаан олгох, хүүхэд төөрсөн тохиолдолд шуурхай хайх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шаардлагатай тусламж үзүүлэх зэрэгт камерын хяналтын систем чухал ач холбогдолтой болж байна.
НТБГ-аас нийтийн тээврийн салбарын камерын хяналтын систем нь иргэдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ аливаа эрсдэл, хүндрэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авахад бодит дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.