dobu.mndobu

Ө.Шижир: "Эрдэнэс Монгол"-ын нийт зардлын талаас илүү хувь нь захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна

Ө.Шижир: "Эрдэнэс Монгол"-ын нийт зардлын талаас илүү хувь нь захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эрдэнэс Монгол" ХХК буюу "Чингис хаан баялгийн сан нэгдэл"-ийн талаар дараах мэдээллийг дэлгэлээ. 

Тэрбээр "Төрийн хөрөнгө, баялгийг удирдаж, менежмент хийх ёстой байгууллага хэр үрэлгэн бэ гэдгийг ганцхан жишээгээр харуулъя. Чононд хонь хадгалуулна гэдэг шиг л…

“Эрдэнэс Монгол” ХХК буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болж нэрээ сольсон ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд Үндэсний Аудитын газраас хийсэн тайланд анхаарал татахуйц хэд хэдэн асуудлыг дурджээ. Менежмент хийх зөвхөн энэ компанийн л удирдлагын зардал 49 тэрбум 364 сая төгрөг. Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум 749 сая, 2025 онд 451 тэрбум 34 сая төгрөг зарцуулсан бол, 2026 онд 531 тэрбум 512 саяыг төсөвлөсөн. Одоо бараг үрээд дуусаа биз.

Зөвхөн “Эрдэнэс Монгол” ХХК менежмент хийдэг нэрийн дор дангаараа 2025 онд 86 тэрбум 650 сая төгрөгийн зардалтай ажилласнаас ерөнхий удирдлагын зардал нь 49 тэрбум 364 сая байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна. Намаасаа томилогдож очиж байгаа захирлуудын тансаглалд зарцуулагдаж байна.

Уг нь “Эрдэнэс Монгол”-ын үндсэн зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг нэгдсэн менежментээр хангаж, үр ашигтай ажиллуулах. ЗГХЭГ-н дарга нарын удирдлагад харьяалагдаж ирсэн. Гэтэл 2025 оныг хүртэл харьяа 39 компаниас зөвхөн 7 компанитай менежментийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч зөвхөн 3 компаниас менежментийн төлбөрт 55 тэрбум 835 сая төгрөг авсан байна. Өөрөөр хэлбэл, ашигтай ажиллаж буй цөөн компанитай менежментийн гэрээ байгуулж, төлбөр авч байгаа атлаа алдагдалтай, ашиггүй ажиллаж буй компаниудын үйл ажиллагааг сайжруулах, үр ашигтай ажиллуулах чиглэлд менежментийн гэрээ байгуулан ажиллаагүй байна. Тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр хуруугаа ч хөдөлгөөгүй гэсэн үг.

Энэ нь үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн оронд ашигтай ажиллаж буй компаниудаас менежментийн төлбөр нэрээр орлого төвлөрүүлж, төрийн хөрөнгийг үрэн таран хийж байгаа үйл явдал.

Нэгдлийн хүрээнд хамгийн ноцтой нь 918 тэрбум 751 сая төгрөгийн худалдан авалтыг хуульд заасан хугацаанд тайлагнаагүй мэдээллийг хоцроож ирүүлсэн аудитын тайланд дурджээ. Ийм хэмжээний худалдан авалтын мэдээлэл хугацаандаа ил тод болоогүй нь худалдан авалтын үйл явц, хяналт болон ашиг сонирхлын зөрчил байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

"Эрдэнэс Монгол” нэгдэл 484 сая төгрөгийн хэвлэл мэдээллийн зардлыг 2025 онд гаргасан байна. Энэ компанид сурталчилгаа хийж борлуулах бүтээгдэхүүн нэг ч байхгүй. Үүнээс гадна, “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн харьяалал, чиг үүрэгт хамааралгүй байгууллагуудын албан бичгийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2 зөвлөх болон бусад байгууллагуудын гадаад албан томилолтын зардалд 70 сая 825 мянган төгрөгийг тус тус өөрийн төсвөөс гарган зарцуулсан байх жишээтэй. Энэ бол зүгээр л нэг компанийн жишээ. Тэгээд удирдлагууд нь бүгд эрх барьж намаас томилгоотой. Дүлий хүнд дүрс харуулах, сохор хүнд өнгө үзүүлэх гэж л энэ" хэмээв. 

May be an image of ticket stub and text

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.