dobu.mndobu

“Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар монгол улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн ажил эхэллээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-09-11

“Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар монгол улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн ажил эхэллээ

“Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болж, төслийн хүрээнд хэрэгжүүлэх хаягийн мэдээллийн шинэчлэлийн ажил нийслэлийн Чингэлтэй дүүргээс эхэлж байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын яамны дэд сайд Ким Мин Жэ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаны төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2026 оны 06 дугаар тогтоолоор нэршүүлсэн “Нарлаг 24” гудамжинд ажиллаж, хаягийн тэмдэг байршууллаа.

Ийнхүү төслийн талбайдтай танилцан бодит ажлыг эхлүүлж, хаягийн мэдээллийг шинэчлэн бүрдүүлэх, газар дээрх мэдээлэлтэй тулган шалгах, нэгдсэн цахим системд бүртгэх ажлын эхлэл тавигдлаа.

Чингэлтэй дүүрэг нь хүн ам, өрхийн нягтаршил өндөр, барилга байгууламж болон гэр хороолол хосолсон онцлогтой юм. Өнөөдрийн байдлаар хаягийн мэдээллийн системд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 45 мянга гаруй нэгж талбар, 3,400 гаруй гудамж, зам, 42 мянга гаруй орц, гарц, 2,968 гудамж, замын нэрийг баталгаажуулж, тогтоол болон хавсралтыг хаягийн мэдээллийн системд хөрвүүлэн оруулаад байна.

Барилга байгууламж болон гэр хороолол хосолсон бүсэд айл өрхийн байршлыг тодорхойлоход хүндрэлтэй байх, хаяг давхцах, задгай хаяг ашиглах, гудамжны нэршил болон дугаарлалт зөрөх зэрэг асуудал нь иргэдийн өдөр тутмын амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахаас гадна эмнэлэг, цагдаа, онцгой байдлын тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай хүргэхэд хүндрэл учруулах эрсдэлтэй юм.

Иймээс энэхүү төслийн хүрээнд хаяг болон гудамж, замын нэр, дугаар олгох, удирдах үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийг бодит цагийн горимоор шинэчлэх, бусад мэдээллийн системтэй холбох, навигацийн газрын зургийн мэдээллийн санг хөгжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Чингэлтэй дүүргээс эхэлж буй энэхүү ажил нь Монгол Улсын хаягийн мэдээллийн тогтолцоог олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн технологид нийцүүлэн шинэчлэх, цаашлаад цахим төрийн үйлчилгээг иргэн бүрд хүргэх суурь мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх чухал алхам болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.