0

58 настай дуучин Селин Дион есдүгээр сарын 12-нд Парисын баруун хэсэгт байрлах 30 мянган хүний багтаамжтай танхимд тоглолтоо хийсэн байна. Тэрбээр 1990-ээд онд гаргасан франц хэл дээрх “On ne change pas” дуугаараа тоглолтоо эхлүүлжээ.
Тэрбээр ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас олон жилийн турш тайзнаас хол байсан юм. Уг эмгэг нь булчин хөшиж, хүчтэй таталдах шинж тэмдэг үүсгэдэг бөгөөд бүрэн эдгээх эмчилгээ одоогоор байхгүй байна.
Селин Дион 2022 оны сүүлээр өөрийгөө энэ өвчнөөр оношлогдсон тухай олон нийтэд мэдээлсэн. Өвчний улмаас тэрбээр тоглолтуудаа цуцалж, дахин тайзан дээр гарах эсэх нь олон жилийн турш тодорхойгүй байсан юм.
“Энэ зам миний төсөөлж байснаас ч хүнд байлаа. Гэхдээ би алсад харагдах өчүүхэн гэрлийг атгасаар ирсэн” хэмээн дуучин ярьжээ.
Мөн тэрбээр “Өнөө орой би та бүхэнд, өөртөө, бас амьдралын төлөө дуулмаар байна” хэмээн хэлсэн байна.
Тоглолтыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган шүтэн бишрэгч Парист цуглажээ. Зарим нь бүр Номхон далайн Таити арлаас хүртэл зорин ирсэн байна.
Парис хотод түүний эргэн ирэлтийг тохиолдуулан хэд хоногийн турш дууны уралдаан, хамтдаа дуулах арга хэмжээ, Сена мөрөн дээрх хүндэтгэлийн аялал зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тоглолтын танхимд хүргэдэг галт тэрэгний буудлын нэрийг хүртэл түр хугацаанд “Селин” болгон өөрчилсөн байна.
Лондоноос Парист ирсэн хоёр шүтэн бишрэгч тоглолтын тасалбарт ойролцоогоор 2000 ам.доллар зарцуулсан ч Селин Дионы тайзнаа эргэн ирэхийг үзэхэд энэ зардал үнэ цэнтэй байсан гэж ярьжээ.
Селин Дион тайзнаа эргэн ирэхийн тулд олон жилийн турш тамирчин хүн шиг бэлтгэл хийсэн байна. Тэрбээр балет, сунгалтын дасгал, дуу хоолойн эмчилгээ зэргийг тогтмол хийж, биеийн болон дуу хоолойн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.
Дэлхий даяар 260 сая орчим цомог борлуулсан түүний энэ удаагийн тоглолт нийт 26 удаа үргэлжлэх бөгөөд есдүгээр сар, аравдугаар сард 16 тоглолт хийж, ирэх тавдугаар сард дахин 10 тоглолт хийхээр төлөвлөжээ.
Олон жилийн турш өвчинтэйгээ тэмцэж, тайзнаа эргэн ирэх эсэх нь тодорхойгүй байсан Селин Дион ийнхүү Парист 30 мянган үзэгчийн өмнө дахин дуулж, уран бүтээлдээ эргэн ирэх хүслээ биелүүллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.