dobu.mndobu

Лиса Торонтогийн кино наадамд өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат киноныхоо нээлтийг хийжээ

Лиса Торонтогийн кино наадамд өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай баримтат киноныхоо нээлтийг хийжээ

К-попын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лиса Торонтогийн олон улсын кино наадамд хүрэлцэн ирж, өөрийн уран бүтээлийн замналын тухай өгүүлэх шинэ баримтат киногоо танилцууллаа.

Лисагийн амьдрал, уран бүтээлийн нэг жилийг харуулсан “Үргэлж Лалиса” нэртэй уг бүтээлийн нээлт есдүгээр сарын 11-нд болж, тэрбээр улаан хивсний ёслолд оролцох үеэрээ олон тооны шүтэн бишрэгчдийн халуун дэмжлэгийг хүлээн авчээ.

Лиса буюу бүтэн нэрээрээ Лалиса Манобал Блэкпинк хамтлагийн уран бүтээлээс түр завсарлаж, бие даасан уран бүтээлийн замналаа эхлүүлсэн үеийнхээ амьдралыг уг баримтат кинонд харуулсан байна.

Тэрбээр киноны нээлтийн дараа өгсөн ярилцлагадаа “Би өөртөө шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүссэн. Би үүнээс өөр юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуусан” хэмээн ярьжээ.

Лиса анх нэг жил өөртөө хангалттай хугацаа байх болов уу гэж бодож байсан ч өнөөдөр ч өөрийнхөө юунд хамгийн их дуртай, дараагийн ямар сорилтыг хүлээж авах вэ гэдгээ эрэлхийлсээр байгаа гэдгээ хэлсэн байна.

Баримтат кинонд 2024-2025 оны хоорондох түүний амьдрал, уран бүтээлийн ололт амжилт болон бэрхшээлүүдийг харуулжээ. Тухайлбал, анхны бие даасан цомог болох “Alter Ego”-гоо гаргасан үе, мөн жүжигчний анхны дүрээ бүтээсэн зэрэг үйл явдлыг багтаасан байна.

Киног 2024 онд цацагдсан К-попын уран бүтээлчдийн тухай цуврал нэвтрүүлгийн ерөнхий продюсерээр ажиллаж байсан Сью Ким найруулжээ.

Найруулагч Сью Кимийн хэлснээр, уг бүтээл нь үзэгчдэд Лисаг тайзан дээрх дүр төрхөөс нь гадна илүү ойроос таньж мэдэх боломж олгож байгаа аж.

“Хөгжмийн салбарын тогтолцооны улмаас бид түүнд тодорхой нэг дүр төрхөөр л хандаж ирсэн. Харин энэ удаа түүний амьдралд урьд өмнө байгаагүй ойр байдлаар нэвтрэх боломж олдсон” хэмээн тэрбээр ярьжээ.

Лиса бие даасан уран бүтээлдээ анхаарч байсан хугацааны дараа Блэкпинк хамтлагийнхаа бүрэлдэхүүнд эргэн нэгдсэн. Тус хамтлаг энэ оны хоёрдугаар сард “DEADLINE” нэртэй богино цомгоо гаргасан нь гурван жил гаруйн хугацаанд хийсэн анхны шинэ уран бүтээл болсон байна.

Ийнхүү Лиса хамтлагийн уран бүтээлээс түр хөндийрч, бие даасан уран бүтээл, жүжигчний замналаа зэрэг хөгжүүлсэн нэг жилийн хугацааг харуулсан баримтат киногоороо шүтэн бишрэгчдэдээ өөрийнхөө шинэ дүр төрхийг хүргэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.