dobu.mndobu

Хамес Родригес Колумбын шигшээ багаас зодог тайллаа

Хамес Родригес Колумбын шигшээ багаас зодог тайллаа

Колумбын хөлбөмбөгчин Хамес Родригес мягмар гарагт шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр Колумбын шигшээд 131 тоглолтод оролцож, 2014 оны ДАШТ-ий шөвгийн наймд шалгарахад багтаа чухал хувь нэмэр оруулсан юм.

“Бидний хамтдаа өнгөрүүлсэн тоглолт бүр, баяр хөөр, нулимс, мөрөөдөл бүхэнд баярлалаа. Колумбын шигшээ багийн өмсгөлийг өмсөж тоглох нь миний амьдралын хамгийн том нэр төрийн нэг байлаа” хэмээн Родригес цахим хуудсандаа нийтэлсэн видео бичлэгээрээ дамжуулан мэдэгджээ.

35 настай Родригес 2011 онд шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо хийж, олон удаа багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр шигшээ багтаа 31 гоол оруулж, гурван удаагийн ДАШТ болон дөрвөн удаагийн Копа Америкад оролцсон байна.

Родригес 2014 онд Бразилд болсон ДАШТ-ээр дэлхийд нэрээ таниулж, зургаан гоол оруулан тэмцээний мэргэн бууч болж, “Алтан шаахай”-н эзэн болсон. Мөн Уругвайн эсрэг шөвгийн 16-д оруулсан түүний гайхалтай воллей цохилт нь FIFA-гийн “Пушкаш”-ийн шагналыг хүртсэн юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт MLS-ийн “Minnesota United” клубээс явсныхаа дараа Колумбын “Atletico Nacional” багтай 2027 оны зургадугаар сарын 30 хүртэл хүчинтэй гэрээ байгуулжээ.

Родригес өмнө нь Испанийн “Real Madrid” клубт тоглож, Аваргуудын лигт хоёр, Ла Лигт хоёр удаа түрүүлсэн. Мөн Германы “Bayern Munich”, Английн “Everton” клубүүдэд тоглож байсан юм.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.