0

БНХАУ-ын Шанхай хотод есдүгээр сарын 22-27-нд зохион байгуулагдах WorldSkills Shanghai 2026 тэмцээнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэх 12 мэргэжлээр оролцоно.
Тэмцээнд оролцох Монголын багийнханд Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Төрийн далбааг гардууллаа.
Дэлхийн ур чадварын тэмцээн нь мэргэжлийн ур чадварын түвшнийг олон улсын хэмжээнд тодорхойлох томоохон арга хэмжээ бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсролын салбарын төлөөлөл оролцож байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын багийнхан тус тэмцээнд оролцсоноороо мэргэжлийн болон техникийн боловсролд суралцагчдын ур чадвар, салбарын хөгжлийн түвшнийг дэлхийд харуулах хариуцлагатай үүрэг хүлээж байгааг онцоллоо.
Энэ жилийн WorldSkills Shanghai 2026 тэмцээнээр ирээдүйн шинэ мэргэжил, ажлын байр, дижитал технологи, ногоон хөгжлийн чиглэлд түлхүү анхаарч байгаа юм.
Түүнчлэн Монгол Улс тус тэмцээнд оролцохын зэрэгцээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна. Тус арга хэмжээнд Монгол Улсаас 200 гаруй төлөөлөгч, дэмжигч оролцохоор бүртгүүлжээ.
Мэргэжлийн ур чадварыг дэлхийн түвшинд хөгжүүлэх нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэх, цаашлаад улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарынхан онцолж байна.
Монгол Улс мөн 2027 онд WorldSkills International байгууллагын Ерөнхий Ассамблейг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөжээ.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.