dobu.mndobu

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль, 304 дүгээр цэцэрлэгийн орчимд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “Оүшн-Оюу”, “Опту”, “Вишндевелопмент”, “Топсет Хоум”, “Пинк товер”, “Эзэн АСБТ” ХХК-иудад сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Тус албан шаардлагын хэрэгжилтийг 14 хоногийн дараа шалгахад зарим аж ахуйн нэгж зөрчил, дутагдлаа бүрэн арилгаагүй нь тогтоогджээ.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг зарим компани бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг норм, стандартын дагуу бүрэн хангаагүй” гэдгийг онцлоод, илэрсэн зөрчилд хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Нийслэлийн Хяналт шалгалтын газар цаашид сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдал, эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлж, холбогдох норм, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.