0

Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер, техникийн ажилтан, нийслэл болон дүүргийн Онцгой байдлын газрын алба хаагчид зэрэг 80 гаруй хүн хамрагдсан байна.
Энэ үеэр Бээжин хотод үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй дэвшилтэт технологи, сайн туршлага, гамшгийн үеийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцлоо.
Тухайлбал, БНХАУ-ын Бээжин хотод үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Хөвөн хот” аргачлалын шийдэл, технологийг судалж, Улаанбаатар хотод нутагшуулах боломжийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна.
Сургалтын хүрээнд Бээжин хотын Усны газрын дарга Лю Бинь тэргүүтэй төлөөлөгчид “Хөвөн хот”-ыг хөгжүүлсэн туршлага болон Бээжин хотын үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын талаар танилцуулж, холбогдох зөвлөмж өгчээ.
Мөн Бээжин хотын төлөөлөгчид Улаанбаатарын үерийн эрсдэлтэй бүсүүдэд ажиллаж, Ногоон нуур орчмын тохижилт, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажилтай танилцан, харилцан туршлага солилцсон байна.
Бээжин хотын төлөөлөгчид Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд гол дагуух орчныг ногоон байгууламжтай болгож, иргэд амарч, аялахад тохиромжтой байдлаар тохижуулах, байгальд ээлтэй ногоон үерийн хамгаалалтын шийдлийг хэрэгжүүлэх, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг зөвлөжээ.
Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагыг цаашид болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх гамшгийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх юм.
Мөн БНХАУ-ын Бээжин хотын Усны газар болон нийслэлийн Геодези, усны барилга байгууламжийн газар цаашид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.



Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.