0

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдээс өнгөрсөн долоо хоногт долоон хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлжээ.
Шүүхээс дээрх хэргүүдээр таван хүнд 1-9 жилийн хугацаагаар хорих ял, хоёр хүнд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан байна.
Тухайлбал, С.Б, Р.М нар нь бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас “мөс” гэх нэршилтэй, метамфетамин агуулсан, 44.8 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаар дамжуулан захиалж, худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, амины орон сууцанд хадгалсан хэрэгт холбогджээ.
Шүүхээс С.Б, Р.М нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна.
Мөн У.А нь Бүгд Найрамдах Турк Улсад байхдаа “мөс” гэх нэршилтэй, метамфетамин агуулсан, 31 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын иргэдэд худалдаалж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогджээ.
Харин Г.А нь дээрх үйлдэлд хамтран оролцсон бөгөөд мөн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан хэрэгт холбогдсон байна.
Шүүхээс У.А, Г.А нарыг гэм буруутайд тооцож, У.А-д 8 жил, Г.А-д 9 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулжээ.
Прокурорын байгууллагын мэдээлснээр 2026 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 260 хүнд холбогдох 182 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн 20 хүнд холбогдох 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж, хуульд заасан хариуцлага болон шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн талаарх мэдээллийг тогтмол хүргэж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.