0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ Ирантай дахин цэргийн ажиллагаа явуулах эсвэл хэлэлцээр хийх эсэх талаар “томоохон шийдвэр” гаргах шаардлагатай байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр Ирантай мөргөлдөөн үргэлжилбэл АНУ тус улсад маш хүчтэй цохилт өгөх боломжтойг анхааруулсан боловч дипломат хэлэлцээр хийх боломжийг мөн нээлттэй үлдээжээ. Трампын хэлснээр Ирантай тохиролцоонд хүрэх асуудлыг арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн дараа шийдвэрлэх боломжтой аж.
Трампын хэлсэн үгийн үеэр Ираны төлөөлөгчдийн нэг гишүүн танхимд байжээ. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөр болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар АНУ-ын байр суурийг тайлбарлаж, цэргийн ажиллагаа явуулснаар Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлсэн гэж мэдэгдсэн байна.
Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд АНУ, Ираны төлөөлөгчид гурван цаг орчим уулзжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ын Ойрхи Дорнодын тусгай төлөөлөгч Стив Виткоффтой уулзсан байна. Уулзалтыг зуучлагч талуудын оролцоотойгоор зохион байгуулсан бөгөөд цаашид хэлэлцээг үргэлжлүүлэхээр болжээ.
Трамп мөн Орос, Украины хооронд үргэлжилж буй дайныг зогсоохын төлөө ажиллаж байгаагаа мэдэгдэж, хоёр улсын удирдагчидтай нягт хамтран ажиллаж буйгаа хэлэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Нью-Йоркт уулзахаар төлөвлөсөн байна.
Мөн Трамп улс орнуудын бүрэн эрхт байдлыг онцолж, дэлхийн нэгдсэн засгийн газар байгуулах санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр АНУ-ын цэргийн хүчийг үндэсний ашиг сонирхлоо хамгаалахад ашиглах боломжтойг мэдэгдсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш харин дэлхий дахинд улс орнуудын хоорондын хуваагдал нэмэгдэж байгааг анхааруулж, дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа шаардлагатайг онцолсон байна.
Үүний зэрэгцээ АНУ, Дани, Гренландын тал Арктикийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр гурван талт хэлэлцээр байгуулжээ. Уг хэлэлцээрийн хүрээнд АНУ Гренландад цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээр болсон бөгөөд тус аралд хоёр шинэ цэргийн бааз байгуулах асуудлыг тусгасан байна.
Трамп НҮБ-ын чуулганы үеэр мөн Дани, Гренландын төлөөлөгчидтэй уулзаж, АНУ-ын Арктикийн бүс дэх аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатайг онцолжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.