0

Тайланд улсад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Amber Yuhan гэх Хятад эмэгтэй оролцож буй нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар модель Х.Бадамгэрэл цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Miss Grand International 2026 тэмцээний албан ёсны цахим хуудсанд Amber Yuhan нэртэй оролцогчийг “Mongolia” улсын төлөөлөгчөөр бүртгэж, Монгол Улсын төрийн далбаа, “Mongolia” нэр бүхий туузтайгаар олон улсын тэмцээнд оролцуулж байна.
Гэвч тухайн оролцогч Монгол Улсын иргэн мөн эсэх, Монгол Улсыг төлөөлөх ямар хууль ёсны үндэслэлтэй, ямар сонгон шалгаруулалтаар шалгарсан, Монголын Miss Grand International-ийн лицензийг хэн эзэмшиж байгаа талаар албан ёсны, ил тод мэдээлэл өнөөдрийг хүртэл нийтэд танилцуулагдаагүй байна.
Иймд би ANDRA Academy-ийн үүсгэн байгуулагч, Монголын гоо сайхан, загварын салбарт 20 гаруй жил ажилласан мэргэжилтэн, 2015 оноос хойш олон улсын тэмцээнд Монголын оролцогчдыг бэлтгэж ирсэн менторын хувьд Miss Grand International байгууллагад албан шаардлага бүхий мэйл хүргүүллээ.
Уг шаардлагаар:
-Amber Yuhan-ыг Монгол Улсыг төлөөлүүлэхээр бүртгэсэн албан ёсны болон гэрээний үндэслэлийг нэн даруй ил болгох;
-Түүний иргэншил, оршин суух эрх, Монгол Улстай холбоотой бусад хууль ёсны үндэслэлийг баримтаар нотлох;
-Монголын National Director болон лиценз эзэмшигч байгууллагын нэр, эрхийн хугацаа, хамрах хүрээг нийтэд мэдээлэх;
-Төлөөлөгчийг ямар журмаар, ямар шалгуураар сонгосныг тайлбарлах;
-Шалгалт дуусах хүртэл “Mongolia” нэр, Монгол Улсын төрийн далбаа болон туузыг ашиглуулахыг түр зогсоох;
-Хэрэв Монгол Улсыг төлөөлөх шаардлага хангаагүй, ташаа мэдээлэл өгсөн эсвэл Монголын нэр, төрийн далбааг хууль ёсны үндэслэлгүй ашигласан нь тогтоогдвол “Miss Grand Mongolia 2026” бүртгэлийг нэн даруй цуцалж, “Mongolia” туузыг хураан, холбогдох National Director болон хариуцсан этгээдүүдэд дүрэм, гэрээний дагуу хариуцлага тооцох,
-Монголын ард түмэн болон Монголын гоо сайхан, загварын салбарынханд албан ёсны тайлбар өгч, зөрчил тогтоогдвол залруулга, уучлал нийтлэхийг шаардсан
Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш. Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.