0

Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Н” нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шалгалтын үеэр нийт 19 хайрцагт савласан 3260 ширхэг, 677 кг бөхөнгийн эвэр илрүүлэн хураан авчээ.
Бөхөн нь дэлхийн хэмжээнд устаж болзошгүй амьтдын жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд түүний эд эрхтнийг хууль бусаар агнах, тээвэрлэх, худалдаалах, хилээр нэвтрүүлэх нь хуулиар хориглогддог.
Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг нэн ховор болон ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй мэдээлэхийг уриаллаа.
Ийм төрлийн хууль бус үйлдлийн талаар мэдсэн бол 102 болон 7019-1070 тусгай дугаарт мэдээлэх боломжтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.