dobu.mndobu

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Оросын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Оросын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаков болон төлөөлөгчдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Д.Батлут Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож буй энэ үед уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа батлан хамгаалах салбарт амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Мөн айлчлалын хүрээнд 2027–2031 онд цэргийн салбар дахь Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсныг онцолж, уг хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд сайдын хувьд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Түүнчлэн энэ онд амжилттай зохион байгуулагдсан Халхын голын байлдааны талбар дахь хамтарсан эрэл, хайгуулын экспедиц, “Сэлэнгэ-2026” хээрийн сургууль, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг оролцож буй “Центр-2026” стратегийн команд-штабын сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуулиудад Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, сонсогчдыг буцалтгүй тусламжаар сургаж, цэргийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд Оросын талд талархал илэрхийлэв.

Ажил хэрэгч уулзалтад Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Э.Гансүх, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Батням, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Л.Онцгойбаяр нар оролцов.

Оросын талаас ОХУ-ын Агаар-сансрын хүчний командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Ващук, БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын орлогч дарга, нэгдүгээр зэргийн ахмад Д.В.Яшин болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.