dobu.mndobu

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдааны шилдэг 15 номинацийн тодрууллаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдааны шилдэг 15 номинацийн тодрууллаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын шилдэг аж ахуйн нэгж, хоршоо, иргэн болон бүтээгдэхүүнүүдийг шалгарууллаа.

Нийслэл болон 21 аймгийн 530 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцсон тус үзэсгэлэн худалдааны зургаан өдрийн хугацаанд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны борлуулалтыг долоо хоногоор сунгаж, есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлүүлэхээр болсон байна. Ингэснээр иргэдийг шинэ ургацын ногоогоор тогтвортой хангах, тариаланчдын борлуулалтыг дэмжих боломж бүрдэж байна.

Энэ жилийн арга хэмжээгээр үндэсний шилдэг үйлдвэрлэгч, шинэ шилдэг бүтээгдэхүүн, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн, шилдэг тариаланч, хоршоо зэрэг 15 номинацийн эздийг тодруулжээ.

Шалгарсан зарим бүтээгдэхүүн, үйлдвэрлэгчдийг танилцуулбал:

  • Шинэ шилдэг бүтээгдэхүүн: “АПУ” ХК-ийн “Сайн” брэндийн аягатай тараг

  • Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн: “Миний Өөшгөө” ХХК-ийн “Дарьганга хийцтэй цай”

  • Онцлох шимт хүнс: “Хүнс Комплекс” ХХК-ийн “Хэлтэй царцаамаг”

  • Импорт орлох шилдэг бүтээгдэхүүн: “APU Dairy” компанийн “PRO BIOTIC” пробиотик ундаа

  • Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн: “ЕДЕН” ХХК-ийн “BabyGoody” жимс, ногооны нухаш

  • Газар тариалангийн шилдэг хоршоо: Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал Органик Фүүдс” хоршоо

  • Борлуулалтаар тэргүүлэгч тариаланч: Дархан-Уул аймгийн Орхон сумын тариаланч В.Мөнхөө

  • Газар тариалангийн шилдэг аж ахуйн нэгж: Ховд аймгийн Буянт сумын “Буянт үр жимс инженеринг нэгдэл” ХХК

  • Шилдэг залуу тариаланч: Хэнтий аймгийн Мөрөн сумын тариаланч Б.Энхзориг

  • Шинэ технологи нэвтрүүлэгч: “Эвридэй Ферм” ХХК

  • Органик, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэгч: “Номадс Файбер” ХХК

  • Экспортод чиглэсэн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч: “Дархан Ширэн Урлал” ХХК

  • Тогтвортой үйлдвэрлэл эрхлэгч: “Тод-Оймс” ХХК

  • Шилдэг үйлдвэрлэгч хоршоо: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Органик бал” хоршоо

  • “Нэг суурин – Нэг бүтээгдэхүүн” аяны шилдэг оролцогч: “Базгайн Хөх Эрчис” ХХК

Шагнал гардуулах үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үндэсний үйлдвэрлэлийг сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой уг арга хэмжээ жилээс жилд өргөжиж байгааг онцолсон байна.

Мөн төрөөс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Атар-4”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.