dobu.mndobu

Толгойныхоо орой хэсгээр нийлж төрсөн Этиопын ихэр охидыг 24 цаг үргэлжилсэн нарийн төвөгтэй хагалгаагаар салгажээ

Толгойныхоо орой хэсгээр нийлж төрсөн Этиопын ихэр охидыг 24 цаг үргэлжилсэн нарийн төвөгтэй хагалгаагаар салгажээ

Этиоп улсад толгойныхоо орой хэсгээр нийлж төрсөн хоёр настай ихэр охиныг АНУ-ын Миссури мужийн Сент-Луис хотод 24 цаг үргэлжилсэн нарийн төвөгтэй хагалгаагаар амжилттай салгажээ.

Хияб, Вухбто нар толгойныхоо дээд хэсгээр нийлсэн, бие биенийхээ эсрэг зүг рүү харсан байдлаар төрсөн байна. Ийм төрлийн нийлмэл ихрүүдийг анагаах ухаанд толгойгоороо нийлсэн ихэр гэж нэрлэдэг бөгөөд нийт нийлмэл ихрийн тохиолдлын зургаан хувиас бага хувийг эзэлдэг. Энэ нь ойролцоогоор 2.5 сая төрөлт тутамд нэг тохиолддог ховор эмгэг аж.

Охидыг анхны төрсөн өдрөөс нь хэдхэн долоо хоногийн өмнө буюу 2025 оны гуравдугаар сард Этиопоос АНУ-д авчирсан байна. Тэднийг хүүхдийн эрүүл мэндийн олон улсын байгууллага болон АНУ-ын Сент-Луис хотын хүүхдийн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд эмчлүүлжээ.

Ихрүүдийг салгах эцсийн хагалгааны өмнө эмч нар бүтэн жилийн турш бэлтгэл хийсэн байна. Энэ хугацаанд зургаан удаагийн мэс засал хийж, хоёр охины тархийг холбож байсан цусны судсыг үе шаттайгаар салгахын зэрэгцээ шаардлагатай арьсны эдийг тэлжээ.

Ингэснээр хоёр хүүхдийн тархины цусан хангамжийг аль болох хэвийн хадгалж, эцсийн салгах хагалгааны эрсдэлийг бууруулах зорилготой байжээ.

Эцсийн хагалгааг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өглөө эхлэсэн бөгөөд 24 цаг үргэлжлүүлсэн аж. .

Хагалгааг удирдсан мэдрэлийн мэс заслын эмч Жоанна Кемп энэ төрлийн ихрүүдийг салгасан АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй мэдрэлийн мэс заслын эмч болжээ. Түүний хэлснээр дэлхий даяар толгойгоороо нийлсэн ихрүүдийг салгах оролдлого маш ховор тохиолддог бөгөөд ийм хагалгааг жилд дэлхий даяар цөөн тоогоор хийдэг гэв.

Сент-Луис хотын хүүхдийн эмнэлгийн мэдээлснээр тус бүс нутагт ийм төрлийн хагалгааг өмнө нь зөвхөн нэг удаа буюу 1980-аад онд хийж байжээ.

Ихрүүдийн эцэг, эх визний асуудал болон гэр бүлийн нөхцөл байдлын улмаас охидын хамт АНУ руу зорчих боломжгүй байсан байна. Тиймээс эмнэлгийн ажилтнууд болон олон улсын хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын асран хамгаалагчид охидыг эмчилгээний хугацаанд өдөр, шөнөгүй асарчээ.

Тэднийг ээлжлэн тэвэрч, тайвшруулан, эмчилгээний бүхий л явцад охидын хэрэгцээ, эрх ашгийг хамгаалан ажилласан байна. Мөн эмчилгээний өндөр зардлыг эмнэлэг, буяны байгууллагууд болон хувийн хандивлагчдын хамтын дэмжлэгээр шийдвэрлэжээ.

Хагалгааны дараах сэргээн засах эмчилгээ амжилттай үргэлжилж байгаа бөгөөд охид хоёр насныхаа төрсөн өдрийг тус тусдаа эмнэлгийн орон дээр тэмдэглэсэн байна. Энэ нь тэдний амьдралдаа анх удаа тусдаа орон дээр хэвтсэн үе болжээ.

Вухбтод саяхан гавлын ясыг нөхөн сэргээх хагалгааг амжилттай хийсэн бол Хиябт мөн гавлын яс нөхөн сэргээх хагалгааг энэ намар хийхээр төлөвлөжээ.

Эмч Жоанна Кемпийн мэдээлснээр охидын биеийн байдал эмчилгээний явцад сайн байгаа бөгөөд цаашид сэргээн засах эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлэн хийх юм.

Толгойгоороо нийлсэн ихрүүдийг салгах мэс засал нь хүүхдийн мэдрэлийн мэс заслын хамгийн ховор, өндөр эрсдэлтэй мэс ажилбаруудын нэгт тооцогддог байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.