0

Япон улс өнөөдөр есдүгээр сарын 30-ны өдрөөс виз сунгуулах болон оршин суух эрхийн статусаа өөрчлөх, байнгын оршин суух зөвшөөрөл хүсэхэд төлөх хураамжийг нэмэгдүүлж эхэллээ.
Шинэ хураамж нь тавдугаар сард батлагдсан Цагаачлалын хяналтын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд оршин суух хугацаанаас хамаарч өөр өөр байна. Оршин суух хугацаа урт байх тусам төлөх хураамж өндөр болох юм.
Шинэчилсэн хураамжаар гурван сар хүртэл хугацаагаар оршин суух эрхээ сунгуулахад 10 мянган иен, гурваас зургаан сар хүртэл хугацаанд 18 мянган иен, зургаан сараас нэг жил хүртэл хугацаанд 25 мянган иен төлнө.
Харин нэг жилийн хугацаатай сунгалтад 33 мянган иен, нэгээс гурван жил хүртэл хугацаанд 48 мянган иен, гурваас таван жил хүртэл хугацаанд 64 мянган иен, тав ба түүнээс дээш жилийн хугацаатай сунгалтад 75 мянган иений хураамж ногдуулахаар болжээ.
Ингэснээр виз болон оршин суух эрхийн сунгалтын дээд хураамж одоогийн 6 мянган иенээс 75 мянган иен болж, байнгын оршин суух зөвшөөрөл хүсэх хураамж мөн 10 мянган иенээс 200 мянган иен хүртэл нэмэгдэх юм.
Үүний зэрэгцээ Япон улс гадаадын иргэдийн хилээр нэвтрэх хяналтыг чангатгах зорилгоор цахим зөвшөөрлийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Уг тогтолцоог 2028 оны санхүүгийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ цахим тогтолцоонд Япон руу богино хугацаанд визгүй зорчих эрхтэй 74 улс, бүс нутгийн иргэд хамрагдана. Тус улсад зорчих аялагчид явахаасаа хэд хоногийн өмнө нэр, зорчих зорилго, очих газар зэрэг мэдээллээ цахимаар өгөх шаардлагатай болох юм.
Өгсөн мэдээллийг гэмт хэргийн бүртгэл болон бусад мэдээллийн сантай тулган шалгах бөгөөд Японд өмнө нь хууль бусаар хугацаа хэтрүүлэн оршин сууж байсан байж болзошгүй гэж үзвэл тухайн зорчигчийг онгоц, усан онгоцонд суухаас нь өмнө хориглох боломжтой аж.
Японы эрх баригчид энэхүү тогтолцоог терроризм, хууль бус хөдөлмөр эрхлэлт болон цагаачлалын холбогдолтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэвтрүүлж байгаа гэж тайлбарлаж байна.
Японд оршин суугаа гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байгаа бөгөөд 2025 оны эцэст ойролцоогоор 4.13 саяд хүрч, түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Иймээс тус улсын Засгийн газар гадаадын иргэдийн оршин суух болон хилээр нэвтрэхтэй холбоотой журам, хяналтыг шинэчлэх ажлыг эрчимжүүлж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.