dobu.mndobu

Гацаанд ороод байсан 10 аймгийн төвд дулааны станц барих ажлыг Н.Учралын Засгийн газар саад тээгийг арилгаж, цааш явуулна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-10-07

Гацаанд ороод байсан 10 аймгийн төвд дулааны станц барих ажлыг Н.Учралын Засгийн газар саад тээгийг арилгаж, цааш явуулна

Хүн ам өсөж, хот суурин газруудад өдрөөс өдөрт төвийн дулаан, эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсээр байна. 

Таван жилийн өмнө Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий зэрэг долоон аймгийн төвд хэрэгжих төслийн барилга угсралтын ажлыг 2021 онд тухайн үеийн Эрчим хүчний Н.Тавинбэх эхлүүлж, БНСУ-ын гүйцэтгэгч “Бюксан инженеринг” компани 180 гкал/цаг нийлбэр хүчин чадалтай 19 зуух бүхий 7 дулааны станц, 46 км урттай хос дулаан дамжуулах шугам, 57 дулаан дамжуулах төвийг 26.5 сарын хугацаанд барьж, хүлээлгэн өгөхөөр тохироод байсан юм.

Төсөлд хамрагдах 10 аймгаас үлдсэн 3 аймгийн төв (Архангай, Дундговь, Төв)-д дулааны станц барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар мөн төлөвлөсөн хэмээн хэвлэлээр мэдээлж байлаа. Гэтэл өнөөдөр эдгээрээс аль нь ч алга. Өнөө “бай”-нд ч үгүй, банзанд ч үгүй гэгч болоод буй. 

Гүйцэтгэхээр гэрээлсэн БНСУ-ын компани нь ч өндөр шилэн барилгад үнэтэй оффис түрээсэлж байснаа хаалга үүдээ дангинатал цоожлоод нутаг буцацгаажээ. Дампуурлаа зарлаж, 10 аймагт дулааны станц барих ажил “дашин шог” болсон.   

Н.Учралын Засгийн газрын өнгөрсөн долоодугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа 10 аймагт эхлүүлсэн байсан дулааны станцын гацааг гаргах тогтоол баталжээ. Эрчим хүчний яамнаас зураг төслийг шинэчилсэн төсвийн хүрээнд магадлалаар баталгаажуулан 2027 оны төсвийн төсөлд багтаасан байна. Салбарын сайд Б.Найдалаа “2028-2029 оны өвлөөс өмнө есөн аймгийн дулааны станцыг ашиглалтад оруулахаар нийт 507 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд үүнээс 153 тэрбумыг нь төсөвт тусгасан. Ажлыг шуурхайлж, аль болох хугацаанд нь дуусгахаар ажиллаж байна” гэх мэдээлэл өгсөн. 

Дулааны эрчим хүчний хэрэгцээг хангаж, дутагдлыг нөхөх шинэ эх үүсвэр манай улсад хот хөдөөгүй нэн яаралтай хэрэгтэй байна. Цахилгаанаас дутахааргүй дулааны дутагдал онцгой их бийг албаныхан хэлдэг. Өнөөдөр бид үйлдвэрлэж байгаа дулааны эрчим хүчээсээ 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгаа гэх статистик тоо ч бий. 

Энэ маш осолтой. Орон сууц, аж ахуйн нэгжүүд хангалттай халахгүй байгаа нь ч дулаантай холбоотой. 

Гэтэл Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын хүмүүс 10 аймагт дулааны станц барих нэрээр мөнгө төгрөг шамшигдуулж, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани дампуурч, хэн хариуцах нь тодорхойгүй хэсэг явсан. Тэгвэл энэ хэрэгт буруутгагдан шалгагдаж буй хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Гэм буруутай этгээдүүд нь зохих хариуцлагаа хүлээлээ гэхэд, аль хэдийнэ ашиглалтад оруулчих байсан ажлын хохирлыг хэн төлөх, алдагдсан боломжийн өртгийг хэн ч тооцохгүй, ярихгүй байгаа юм. Үүний ард цаг хугацаа, мөнгөөр хэмжигдэх, хэмжигдэхгүй асар олон зүйл болсон, болж буй ч “сүх далайтал үхэр амгалан” гэгч л болж байна. Манай улс авлигачидтайгаа тэмцэж чадахгүй байгаагийн нэг жишээ энэ боллоо. 

Ерөнхий сайд Н.Учрал хөдөө орон нутгаар нэлээд ажилласан. Энэ үедээ 10 аймгийн Дулааны станцын хэдтэй нь танилцахад ажлын гүйцэтгэл 45-50 хувьтай байжээ. Санхүүжилт нь зогсоод хэрэгжүүлж байсан компани нь шүүхэд оччихсон. Жил ирэх тусам энэ станцууд ашиглалтгүй болж байгаа. Эднийг дуусгах уу, эсвэл мартах уу гэдэг сонголт бидний өмнө ирсэн. Энэ ажлыг дуусгамаар байна. Дахиж шинээр эхлүүлж чадахгүй. Аймаг, орон нутагт эрчим хүч хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрчээ. 

Харин гэм буруутай хүмүүсийн толгойг илээд өнгөрөх бус хариуцлагыг нь үүрүүлж, дэд бүтэц, үйлдвэрлэл хөгжих, иргэдийн ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдэх, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саарах, ажлын байр нэмэгдэх, айл өрхүүд шинээр дулааны эрчим хүчинд холбогдох гэх зэрэг алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх нь зүйн хэрэг болж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.