0

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг Лионель Месси Аргентины шигшээ багийн төлөөх 21 жилийн замналдаа цэг тавьж, эх орныхоо хөгжөөн дэмжигчидтэй сүүлчийн удаа мэндчиллээ.
39 настай Мессим Буэнос-Айрес хотын “Монументал” цэнгэлдэх хүрээлэнд Бениний шигшээ багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтод оролцож, Аргентиныг 3:0-ээр хожиход хувь нэмрээ оруулсан юм. Тэрбээр тоглолтын 71 дэх минутад торгуулийн цохилтоос гоол оруулж, шигшээ багийнхаа төлөөх 126 дахь гоолоо бүртгүүлжээ.
Мөн тоглолтын эхний гоолыг ахмад хамгаалагч Николас Отаменди оруулахад Месси дамжуулалт өгсөн бол Нико Пас Аргентины гурав дахь гоолыг нэмсэн байна.
Энэ тоглолт Мессигийн Аргентины шигшээд хийсэн 208 дахь тоглолт болсон бөгөөд түүний баяртай гэж хэлэх мөчийг 85 мянга орчим хөгжөөн дэмжигч үзэж, цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ түүнд хүндэтгэл үзүүлжээ.
Тоглолтын өмнө Месси багийнхаа автобуснаас хөгжөөн дэмжигчдийнхээ халуун дэмжлэгийг хараад нулимсаа барьж чадаагүй байна. Тэрбээр гурван хүүхдийнхээ хамт талбайд гарч, эхнэр Антонела Роккуццо болон ээж Селиа Куччиттини нарынхаа мэндчилгээг хүлээн авчээ.
Тоглолтын өмнө талбайд Мессигийн алдарт №10 дугаартай Аргентины аварга том өмсгөлийг дэлгэж, дээр нь “Gracias” буюу “Баярлалаа” гэсэн үгийг бичсэн байв.
Мөн Аргентины төрийн дууллыг Фолклэндийн дайны ахмад дайчин Фабио Сантана дуулсан бөгөөд талбай дээр “Мальвинууд бол Аргентиных” гэсэн уриа бүхий туг дэлгэжээ. Энэ нь Аргентины тоглогчид 2026 оны ДАШТ-ий хагас шигшээд Английн багийг хожсоны дараа өргөж байсан тугтай ижил байв.
Тоглолтын 10 дахь минутад Мессигийн өмсгөлийн дугаарыг бэлгэдэн тоглолтыг түр зогсоож, үзэгчид түүнд нэг минутын турш нижигнэсэн алга ташилтаар хүндэтгэл үзүүлсэн байна.
Тоглолт дууссаны дараа цэнгэлдэхийн дээгүүр дроны үзүүлбэр зохион байгуулж, Мессигийн дүр төрхийг тэнгэрт гэрэлтүүлэн харуулж, түүний гайхамшигт замналд талархал илэрхийлжээ.
Мессигийн Аргентины шигшээтэй салах ёс хийсэн мөч нь 2026 оны ДАШТ-ий финалд Испанийн багт 1:0-ээр хожигдсоноос хоёр сар гаруйн дараа тохиож байна. Тухайн тоглолтын дараа Месси “Би бүхнээ зориулсан, надад өгөх зүйл үлдээгүй. Түүнээс гадна боломжоо хүлээж буй олон чадварлаг залуу тоглогч бий” хэмээн мэдэгдэж байсан юм.
Месси мөн тоглолтын өмнө Буэнос-Айресын их сургуулиас хүндэт докторын зэрэг хүртсэн байна. Энэхүү хүндэтгэлийг авахдаа бахархаж буйгаа илэрхийлж, “Би хүндэт доктор гэж хэлж чадах нь ээ!” хэмээн хошигножээ.
Мессигийн шигшээ багийн замналын хамгийн оргил амжилт нь 2022 оны ДАШТ-д Аргентиныг түрүүлүүлсэн явдал байв. Ингэснээр Аргентин 36 жилийн дараа дэлхийн аваргын цомыг хүртэж, Месси Диего Марадонагийн залгамж халаа хэмээн үнэлэгдэх болсон юм.
Тэрбээр Аргентины хамт 2022 оны ДАШТ-д түрүүлж, 2014 болон 2026 оны дэлхийн аваргад дэд аварга болсон бол 2021, 2024 оны Копа Америкад түрүүлсэн.
Месси одоогоор “Интер Майами” клубтэй 2028 он хүртэл гэрээтэй. Гэхдээ эцэг Хорхе Мессигээ хоёр сарын өмнө алдсаны дараа хөлбөмбөгийн замналаа төлөвлөснөөсөө эрт дуусгаж магадгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Түүний хуучин багийн анд Неймар ч Мессигийн замналд хүндэтгэл үзүүлж, “Зөвхөн Аргентин төдийгүй дэлхий нийт чамд хөлбөмбөгийн төлөө хийсэн бүхэнд чинь талархаж байна” хэмээн X платформд бичжээ.
Ийнхүү Лионель Мессигийн Аргентины шигшээ багийн өмсгөлтэй 21 жилийн аялал, олон жилийн мөрөөдөл, түүхэн ялалтуудаар дүүрэн эрин үе нулимс, алга ташилтын дор өндөрлөлөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.