0

Талийгаач NBA-гийн домогт тоглогч Коби Брайант болон түүний гэргий Ванесса Брайант нарын ууган охин Наталья Брайант 2026 оны аравдугаар сарын 18-нд болсон Victoria’s Secret-ийн загварын шоунд анх удаа оролцож, загварын тайзнаа алхлаа. Өдгөө 23 настай загвар өмсөгч ийнхүү дэлхийн алдартай брэндийн шоунд дебютээ хийж, загварын ертөнц дэх карьераа шинэ шатанд гаргав.
Тэрбээр энэ жилийн шоунд Ирина Шейк, Жоан Смоллс, Алекс Консани, Алессандра Амбросио, Жижи Хадид, Жасмин Тукс зэрэг нэр хүндтэй загвар өмсөгчдийн хамт оролцсон байна.
Наталья Брайант тайзнаа Victoria’s Secret-ийн залуу хэрэглэгчдэд зориулсан Pink брэндийн загварыг өмсжээ. Түүний төрх хар өнгийн, урд хэсэгтээ брэндийн нэрийг ирвэсний хээтэй үсгээр чимэглэсэн хөхний даруулга, тод ягаан өнгийн богино мөрөвчтэй хүрэмнээс бүрдсэн байв. Үүн дээрээ олон өнгийн эрдэнийн чулуугаар чимэглэсэн жинсэн өмд, мөнгөлөг өсгийтэй гутал, толин бөмбөлөг хэлбэрийн гар цүнхээр гоёжээ.
Мөн тэбрээр туузан чимэглэлтэй толгойн даруулга, мөнгөлөг зүрхэн хэлбэртэй ээмэг зүүж, жижиг тоглоомон нохойн дүрстэй чимэглэл бүхий бүсээр төрхөө баяжуулсан нь түүний хувцаслалтыг өвөрмөц, залуулаг харагдуулсан байна.
Загварын тайзнаа анх удаа алхахын өмнө Наталья Брайант Page Six хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү шоунд оролцох болсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр багаасаа Victoria’s Secret-ийн шоуг жил бүр үздэг байсан бөгөөд бэлтгэлийнхээ хүрээнд өмнөх жилүүдийн үзүүлбэрүүдийг дахин дахин үзэж, тайзны уур амьсгалд өөрийгөө бэлдсэн байна.
Наталья Брайант сүүлийн жилүүдэд загварын салбар дахь карьераа аажмаар өргөжүүлж байгаа юм. Тэрээр Versace брэндийн 2024 оны хавар, зуны коллекцын шоунд загварын тайзнаа анх алхаж байсан бөгөөд түүнээс хойш BOSS, Off-White зэрэг загварын ордны шоунд оролцжээ. Түүнчлэн Adidas болон David Yurman брэндийн сурталчилгааны кампанит ажилд оролцож, загварын салбар дахь туршлагаа нэмэгдүүлсэн байна.
Victoria’s Secret брэндтэй хамтран ажилласан нь түүний хувьд анхны тохиолдол биш юм. Наталья 2024 оны намар тус брэндийн Pink дэд брэндийн сурталчилгааны кампанит ажилд оролцож байсан бөгөөд энэ удаа загварын тайзнаа өөрийн биеэр алхсанаараа онцлог болжээ.
Ийнхүү Наталья Брайант Victoria’s Secret-ийн 2026 оны загварын шоунд амжилттай дебютээ хийж, загварын ертөнцөд өөрийн байр суурийг бэхжүүлэх шинэ алхам хийлээ. Тэрээр алдарт эцгийнхээ охин гэдгээрээ олны танил боловч сүүлийн жилүүдэд олон улсын брэндүүдтэй хамтран ажиллаж, загвар өмсөгчийн хувиар өөрийн карьерыг бие даан хөгжүүлж буйгаараа анхаарал татаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.