0

Монголчууд бид хийж бүтээхээсээ илүү хэрэлддэг, асуудал шийдэхээсээ илүү талцдаг, урагш алхахаасаа илүү нэгнийгээ улдан чангаадаг ийм л нэг чөтгөрийн тойрогт орчихлоо.
Өнөөдөр нийгэм даяар өрнөж буй маргаан, мэтгэлцээн, талцлыг харахад улс орны хөгжлийн төлөөх бодлогын өрсөлдөөнөөс илүү улс төрийн эрх мэдэл, албан тушаал, бүлэглэл фракцуудын ашиг сонирхлын зөрчил давамгайлж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ, хэн нь хэнийгээ чагтлах вэ, хэн нь хэнийгээ унагах вэ гэдэг тэмцэлд улс орны эрх ашиг тойргийн гадна үлдэж байна.
Дэлхий нийт геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн савлагаа, зах зээлийн өрсөлдөөнтэй нүүр тулж байна. Ийм нөхцөлд улс орон бүр дотоод нөөц боломжоо дайчилж, эдийн засгаа хамгаалж, үйлдвэрлэлээ дэмжиж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн төлөө ажиллаж байна. Харин бид яах гэж байна вэ. Тэнэгийн дотор уужуу гэдэг шиг дээлээ уралцаж, дэлхийд байхгүй мэт аашилж байна даа. Хэн нэгэн улстөрчийн зөв, буруугийн хэрүүлд хамаг тамираа барж сууна.
Мэдээж, улс ёстөр мэтгэлцээн байх ёстой. Алдаа дутагдлыг шүүмжлэх ёстой. Харамсалтай нь бид асуудлаа шийдэх бус, хэн нэгний зөвийг батлахын төлөө хэмлэлддэг болжээ. Хэрүүлд ялсан хүн байж болно. Хэрүүлээс болж улс орон хожсон уу гэдэг нь хамгийн чухал асуулт юм.
Хэрэв улс төрчдийн маргааны эцэст нэг үйлдвэр ашиглалтад орж, хэдэн зуун хүн ажлын байртай болж, өрхийн орлого нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, иргэдийн амьдрал бодитоор сайжирч байвал бүр сайхан хэрэлдэцгээе л дээ. Хэдэн өдөр, хэдэн долоо хоногоор үргэлжилсэн хэрүүл эцэстээ албан тушаалын сэлгээ, талцлын шинэ шугам, нийгмийн хагарал төдийхнөөр дуусдаг болсон нь харамсалтай.
Улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг иргэдийн амьдралаас дээгүүр тавигдаж болохгүй. Фракцуудын зөрчил өрхийн төсөвт дарамт болж, эрх мэдлийн тэмцэл эдийн засгийн бодлогыг гацааж, улс төрийн талцал нийгмийн итгэлийг эвдэж, үндэстнийг дотроос нь идэж байна.
Бидэнд улсынхаа эдийн засгаа тэлэх, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экспортоо төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхээ боломжуудыг нээх бодлого хэрэгтэй. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, авлига, үрэлгэн байдлыг бууруулж, бизнес эрхлэгчдэд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх шаардлагатай.
Улстөрчид цэц булаалдах хэрэгтэй. Маргах юмгүй. Татварын бодлогоо яаж сайжруулах вэ, иргэдийн бодит орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ажлын байрыг яаж олноор бий болгох вэ, уул уурхайн орлогоо урт хугацааны хөгжилд хэрхэн чиглүүлэх вэ, боловсрол болон эрүүл мэндийн салбарын үр ашгийг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулмаар байна. Хэн нэгэн зөв санал гаргавал нам, фракц харгалзахгүй дэмждэг, буруу шийдвэр гаргавал албан тушаал, танил тал харгалзахгүй шүүмжилдэг, үр гарвал гаргавал шударгаар үнэлдэг улс төрийн соёл бидэнд хэрэгтэй. Энэ л бодит өрсөлдөөн. Энэ л ардчиллын үнэ цэн.
Хамгийн харамсалтай нь улс төрийн талцал зөвхөн төрийн ордон, цахим орчин, хэвлэл мэдээллээр хязгаарлагдахаа больжээ. Найз нөхөд, хамт олон, ах дүүс, бүр эхнэр нөхрийн хооронд ч үзэл бодлын зөрчил хүндлэлгүй маргаан болж хувирах эрсдэл нэмэгдэж байна.
Улс төрчдөөс бид төгс хүн байхыг шаардаагүй. Харин улс орны эрх ашгийг хувийн болон бүлэглэлийн эрх ашгаас дээгүүр тавьж, хэлсэн үгээ ажил хэрэг болгохыг хүсэж байна. Иргэд ч бас мэдээллийг шүүн тунгааж, баримтад тулгуурлан байр сууриа илэрхийлж, хүнийг биш бодлогыг, уриаг биш үр дүнг дүгнэдэг байх хэрэгтэй.
Хэрэв бид өнөөдөр хэрүүлд зарцуулж буй цаг заваа бүтээн байгуулалтад, талцалд зарцуулж буй цагаа бүтээмжид, нэгнийгээ буруутгахад зарцуулдаг ухаанаа шийдэл олоход зориулж чадвал илүү хөгжихгүй гэж үү.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.