dobu.mndobu

Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс НИТХ-ийн төлөөлөгч, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргаланд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад аравдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн байна. 

Ж.Энхжаргалан нь,

  • Өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэр гаргаж дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэх,
  • Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр хууль бусаар хүлээн авч, улмаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх,
  • “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцөлийг бүрдүүлсэн гэх,
  • Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх,
  • Өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42,6 сая төгрөгийг шилжүүлэн төрийн өмчид хохирол учруулсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Хуулийн заалт: 

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.11 дүгээр зүйл.Дураараа аашлах

1.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.