dobu.mndobu

Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ

Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Зөвшөөрлийн зөвлөл аравдугаар сарын 27-нд Эдийн засаг, хөгжлийн яаманд хуралдаж, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээг хэлэлцжээ.

Зөвлөлийн анхны хуралдаан есдүгээр сарын 24-нд болсон бөгөөд түүнээс хойш хэрэгжүүлсэн ажлын үр дүнг энэ удаагийн хуралдаанаар танилцуулсан байна. Тодруулбал, Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг баталж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгожээ.

Мөн 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байхаар системийн тохиргоог хийсэн байна. Ингэснээр бизнес эрхлэгчдэд тавигдах зарим шаардлагыг бууруулж, зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулах нөхцөл бүрдэж байгаа аж. Түүнчлэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 32,358 зөвшөөрөл олгосон талаар мэдээллээ.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зорилгоор “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, ажлын өдрүүдэд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаярын мэдээлснээр, Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх чиглэлээр нийт 36 арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж.

Үүнээс Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 11 арга хэмжээний биелэлт 83 хувьтай байна. Мөн зөвшөөрөл, мэдэгдлийн тогтолцооны эрх зүйн орчныг бэхжүүлэх, бүртгэл, мэдээллийг нэгдсэн системд оруулах чиглэлээр тодорхой ажлууд хийснийг онцолжээ. Харин зөвшөөрлийн мэдээллээ системд бүрэн оруулаагүй, үйлчилгээгээ цахимжуулаагүй эрх бүхий байгууллагуудын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох чиглэл өгсөн байна.

Цаашид Зөвшөөрлийн зөвлөл давхардсан, үр ашиггүй, шаардлагагүй зохицуулалтыг үе шаттайгаар бууруулах, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллах юм. Мөн зөвхөн мэдээлэл сонсох бус, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцолжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.